АНУ-ын 47 дахь ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Дональд Трампын шинэ засаг захиргаанд төрийн өндөр албан тушаал хаших эрхмүүдийн томилгооны талаарх мэдээллүүд ил болж, цацагдсаар байна.
Дональд Трамп Өмнөд Дакота мужаас сонгогдсон конгрессын гишүүн Кристи Ноемыг Дотоодын аюулгүй байдлын департаментын төрийн нарийн бичгийн даргаар сонгосон байна. Кристи Ноемын томилогдож байгаа энэхүү шинэ албан тушаалын гол үүрэг нь ирэх дөрвөн жилд цагаачлалын асуудлыг шийдвэрлэх, хууль бус цагаачдыг АНУ-аас албадан гаргах явдал байх юм. Олон мянган ажилтантай тус төрийн агентлагийн жилийн төсөв нь 60 тэрбум ам.доллар байдаг.
Д.Трампын анхны бүрэн эрхийн хугацаанд Үндэсний тагнууллын газрын даргаар ажиллаж байсан Жон Ратклиффыг энэ удаад Тагнуулын төв газрын (CIA) даргаар сонгосон байна. Трампыг ямар ч цаг үед өмгөөлж хамгаалсаар ирсэн, Техас мужийн конгрессын гишүүн асан Жон Ратклиффыг “тэр үргэлж үнэний талд зогсогч тэмцэгч байсаар ирсэн” хэмээн Д.Трамп мэдэгдэлдээ дурьджээ.
Д.Трамп АНУ-ын армийн чөлөөндөө гарсан ахмад цэрэг, Fox News сувгийн хөтлөгч Пит Хегсеттыг Батлан хамгаалахын төрийн нарийн бичгийн дарга буюу батлан хамгаалахын сайдаар сонгон томилохоор болжээ. Өөрөөр хэлбэл Украинд болон Газын зурваст өрнөж байгаа дайны асуудлаарх Трампын засаг захиргааны бодлого, стратегийг Пит Хегсетт хэрэгжүүлэхээр болж байна. Трамп мэдэгдэлдээ “Бидний “Энх тайванд хүчээр хүрэх” бодлогыг Пит зоригтой, эх оронч байдлаар тэргүүлэн явах болно” хэмээн онцолжээ.
Д.Трампын засаг захиргааны бүтцэд шинээр үүсгэн байгуулагдаж байгаа Засгийн газрын бүтээмжийн департаментыг (Department for Government efficiency) тэргүүлэх албан тушаалд дэлхийн тэргүүн баячуудын нэг, тэрбумтан Элон Маск, мөн Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж байсан Вивек Рамасвами нарыг сонгон томилохоор болсныг мягмар гаригийн орой Д.Трамп албан ёсоор зарлан мэдэгдсэн байна.
Д.Трамд мөн хамт гольф тоглох дуртай, дотны анд, түүний сонгуулийн кампанит ажлын томоохон хандивлагч, үл хөдлөх салбарын хөгжүүлэгч Стив Уиткоффыг Ойрхи Дорнод дахь ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгчөөр томилохоор сонгосон байна.
Д.Трамп мөн Цагаан Ордны зөвлөхөөр Уилльям Жозеф Макгинлиг сонгон томилохоор болсноо зарласан байна. Тэрээр мэдэгдэлдээ Бүгд найрамдах намын гишүүн Уилльям Жозеф Макгинлиг “ухаалаг, үзэл бодолдоо үнэнч, бат найдвартай хуульч” хэмээн тодотгожээ. Уилльям Макгинли Д.Трампын анхны бүрэн эрхийн хугацаанд Цагаан Ордны кабинетын нарийн бичгийн даргын албыг хашиж байсан юм.