Монголд хамгийн олон үзэгч, хөгжөөн дэмжигчтэй спорт бол яах аргагүй сагсан бөмбөг. Нэг хэсэг хоёр хуваагдаж дээд лигээ зохион байгуулах эсэх нь эргэлзээтэй байсан бол одоо байдал дээрдэж, Монголын сагсан бөмбөг хөгжлийнхөө шинэ үе рүү гарсан гэж хэлж болохоор болсон. Тиймдээ ч сүүлийн хоёр жилд дээд лигийн өрсөлдөөн үзүүштэй, сонирхолтой байж, үзэгчид “UG Arena”-г битүү дүүргэж, энэ спортын хөгжлийн төлөө хувь нэмэр оруулж байна.
Үүнээс илүү хамгийн их хүчин чармайлт, хөдөлмөр зүтгэлийг гаргаж буй хүмүүс бол тамирчин, дасгалжуулагч, арын алба, багийн эзэд юм. Тэд сагсан бөмбөгийн спортыг олон улсын жишигт нийцүүлж тамирчдын цалин хөлсийг бодитой үнэлж эхлээд байна. Иймдээ ч цалин хөлс, урсгал зардал, хангамж сайжирч, багуудын хөрөнгө, мөнгө төсөв санхүү эрс нэмэгдсэн. Үүнтэй холбоотой бид та бүхэндээ энэ жилийн лигт багууд хэдэн төгрөгний төсөвтэй оролцож байгаа талаар мэдээлэл хүргэе.
“ Хасын Хүлэгүүд”: 1 тэрбум
Өнгөрсөн улирлын аварга “Хасын Хүлэгүүд” энэ жил аваргаа хамгаалж чадах уу? Тэдний бүрэлдэхүүн зузаан, аваргын цомоо дахин хамгаалж чадна гэдэгт үзэгч, шүтэн бишрэгчид нь итгэлтэй байгаа. Тиймдээ тэд нэг ч хожигдолгүй амжилтын хүснэгтийг тасархай тэргүүлж буй. Нийт долоон тоглолт хийснээс, тэдний хожлыг зогсоох баг одоогоор гарч ирээгүй байна. Тэгвэл “Хүлэгүүд”-ийн энэ жилд 1 тэрбум төгрөгийг зарцуулж байгаа юм.
“Дархан Юнайтед”: 500 сая
Тус баг энэ жилийн лигт шинээр өрсөлдөж буй. Лиг эхлэхэд Дархан Юнайтедын талаар сонирхсон хүн ховор байсан. Учир нь тэднийг лигт өрсөлдөөн үзүүлж чадах баг гэж бодоо ч үгүй байсан. Гэвч тэд таамгийг эвдэж, төсөөлөөгүй тоглолтыг үзүүлж буй. Нийт найман тоглолтын дараах байдлаар 5 хожил, 3 хожигдолтой амжилтын хүснэгтийн хоёрдугаар байрт эрэмбэтэй явж байна. Тус багийн энэ жилийн төсөв 500 сая төгрөг. Залуу тоглогчдоор багаа бүрдүүлсэн энэ багийн төсөв бусад багуудаас доогуур байгаа юм. Гэвч тэд лигт чанга өрсөлдөнө гэдгээ харуулсаар байна. Сонирхуулахад “Дархан Юнайтед”-ыг ОУХМ Ц.Азбаяр дасгалжуулж байгаа билээ.
“BCH Knights”: 2.5 тэрбум
Сагсан бөмбөгийн спортод “Танан Гарьд” нэрээрээ олон жил өөрсдийн өнгө төрхөө үлдээж, амжилтаа дархалсан тус баг өнгөрсөн жил “BCH Гарьд” болсон. Харин энэ жилийн лигт шинэ өнгө төрх, шинэ ивээн тэтгэгчтэй болж нэрээ өөрчлөн “BCH Knights” болоод байна. Ийн тус баг энэ жилийн лигт 2.5 тэрбум төгрөгийн төсөвтэй оролцож байна. Нэрээ сольсонд фэнүүдийнх нь урам хугарсан ч тус хамгийн өндөр төсөвтэй багуудын тоонд орж байна. Тэд таван хожил, гурван хожигдолтой амжилтын хүснэгтийн гуравдугаарт эрэмбэтэй байна.
“Сэлэнгэ Бодонгууд”: 2.5 тэрбум
Лигийн нэг чимэг болсон баг бол “Сэлэнгэ Бодонгууд” билээ. Тэд өнгөрсөн улирал чамгүй өрсөлдөж . Харин энэ жил ямар амжилт үзүүлэх нь сагсан бөмбөг сонирхогчдын хувьд сонирхолтой байна. Бодонгуудын энэ жилийн төсөв 2.5 тэрбум төгрөг. Багийн эзэн Л.Наранбаатар багийн тамирчнаа эргүүлэн авч 400 саяын гэрээг үзэглэсэн. Энэ нь тус багийн төсөв ямар хэмжээнд байгааг харуулж болно. А.Базаргүртэй 400 саяын гэрээ байгуулж, үүнийгээ ч нээлттэй ил тод зарласан. Мөн “Бишрэлт Металл”-ыг дасгалжуулж аваргын төлөө өрсөлдөхөд чухал үүрэг гүйцэтгэсэн Предраг Стоянчевыг багийнхаа ахлах дасгалжуулагчаар томилсон билээ. Ийн тус багийн төсөв нэмэгдэж, энэ хэрээр бүрэлдэхүүнээ зузаатгасан.
“SG Apes”: 2.5 тэрбум
Өнгөрсөн жилийн лигт шилдэг дөрвөн багийн нэгээр шалгарсан “IHC Apes” баг 2024 оны шинэ улиралд “Шунхлай” групптэй хамтын ажиллагаа эхлүүлж, “SG Apes” болж шинэ бүтэц бүрэлдэхүүнээр лигт өрсөлдөж буй. Багийн эзэн О.Мөнхжин “Сагсанбөмбөгт спонсор, хөрөнгө оруулагч гардаг, ордог. Багууд нэрээ сольж өөрчлөгддөг тогтворгүй байдал байдгийг та бүхэн мэдэж байгаа. “Шунхлай” групп “Apes” багт хөрөнгө оруулж байгаа нь зөвхөн өөрсдийн компаниа сурталчлах, спортыг ашиглаж нэр хүнд олох бус хөдөө орон нутаг, алслагдмал газарт спортыг хүргэх, сурталчлан таниулах, хөгжүүлэх зорилгоор сагсанбөмбөгийн спортод орж ирж байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй” хэмээсэн. Ийн шинэ ивээн тэтгэгчтэй болсон тус багийн энэ жилийн төсөв 2.5 тэрбум төгрөг байна.
“INUT YES TLG”: 400 сая
Лигийн хамгийн залуу тоглогчидтой INUT YES’TLG багийн энэ жилийн төсөв 400 сая төгрөг байгаа нь бусад багуудаас хамгийн бага төсөвтэй нь болж байна. Тус баг өнгөрсөн жил “TLG Ондилт” нэрийн дор өрсөлдсөн бол энэ жил нэрээ INUT YES TLG болон өөрчилсөн. Багийн ахлах дасгалжуулагчаар МУГТ С.Тулга ажиллаж буй. Тэдний төсөв бусад багуудаас хамгийн бага байгаа ч лигт чамгүй өрсөлдөөнийг үзүүлж буй. INUT YES TLG дөрвөн хожил, дөрвөн хожигдолтойгоор амжилтын хүснэгтийн зургаадугаар байрт эрэмбэтэй явж байна.Тус баг энэ жил драфтын тэргүүн сонголтоор Тайванийн “CTBS” бизнес сургуулийн М.Чинхутагийг сонгосон билээ.
“Завхан Бродерс”: 1.5 тэрбум
Үндэсний дээд лигт 4 дэх жилдээ өрсөлдөж буй “Завхан Бродерс” багийн энэ жилийн төсөв 1.5 тэрбум төгрөг. Тэд улирлын эхэнд нийт долоон тоглолт хийснээс гурван хожил, дөрвөн хожигдолтойгоор амжилтын хүснэгтийн долоодугаар байрт эрэмбэтэй явж байна. Бэртлийн улмаас өнгөрсөн жилийн улирлыг өнжөөд байсан Г.Цэнгүүнбаяр багтаа эргэн ирсэн. Мөн гурав дахь жилдээ лигт тоглож буй Даймонд Стөүнөөс гадна Орландо Жонсон тус багт хүчин зүтгэж байгаа юм.
“Налайх Бизон”: 1.2 тэрбум
Бүх цагийн үеийн шилдэг тоглогч Т.Санчирыг эгнээндээ нэгтгэж, бүрэлдэхүүнээ зузаатгасан “Налайх Бизон” багийн энэ жилийн төсөв 1.2 тэрбум төгрөг. Тэд энэ удаагийн лигт хуучин “Гарьд”-ын холбогч А.Тэлмэнг багтаа авсан.
Улирлын эхэнд тус багийн гол тулгуур тоглогч Т.Санчир бэртлийн улмаас хэдэн тоглолтод оролцоогүй. Энэ нь багийн тоглолтод багагүй хэмжээнд нөлөөлсөн нь тодорхой. Тэд гурван хожил, зургаан хожигдолтойгоор амжилтын хүснэгтийн наймдугаар байрт эрэмбэтэй байна.
“Бишрэлт Металл”: 1.8 тэрбум
Өнгөрсөн жил өнгөтэй байж лигийн дэд аварга болсон “Бишрэлт Металл” энэ жилийн лигт тааруухан оролцож байна. Тус багийн гол лидер Д.Дэлгэрням энэ жилийн лигт оролцохооргүй болсон нь фэнүүдийх нь хувьд харамсалтай зүйл болсон.
Хэдий шинэ улирал өндөрлөх болоогүй ч тэд амжилтын хүснэгтэд сүүл мушгиж буй. Тэд 1.8 тэрбум төгрөгийн төсөвтэй энэ жилийн лигт өрсөлдөж байна. Э.Ууганбаяр,
“Эрдэнэт Майнерс”: 400 сая
Энэ улирал “Майнерс”-д хүндхэн болж байна. Тэд одоогийн байдлаар ердөө нэг хожил авч, амжилтын хүснэгтийн баян ходоодод заларч байна. Тус баг 2022-2023 оны “Үндэсний Дээд Лиг”-т түүхэн амжилтыг үзүүлж, хасагдах шатанд нэг ч хожигдолгүйгээр 12-0 гэсэн амжилттай Монгол Улсын ерөнхийлөгчийн нэрэмжит аваргын цомыг хүртсэн. Мөн өнгөрсөн улирал нэг ч хожилдолгүй дараалан 11 ялалт байгуулж, амжилтын хүснэгтийг тэргүүлж байсан билээ. Тус баг өнгөрсөн жил Т.Санчирыг, энэ жил Pendarvis Williams зэрэг гол тоглогчдоо алдсан. Майнерсын энэ жилийн төсөв 400 сая төгрөг байна.