Их Британийн зохиолч Саманта Харви энэ жилийн Букерын шагналыг “Орбитал” хэмээх номоороо хүртсэн байна. Шүүгчид түүний бүтээлийг “уншигчдад дэлхий ертөнцийг сонин содон, цоо шинээр мэдрүүлэх гайхалтай зохиол” болсон хэмээн үнэлжээ.
Зохиолч Саманта Харви-гийн “Орбитал” хэмээх энэхүү богино хэмжээний зохиолд Олон улсын сансрын станцид ажиллаж байгаа зургаан сансрын нисгэгчийн тухай өгүүлдэг ажээ.
Ковид-19 вирусийн цар тахлын хөл хорионы үеэр бичиж эхлэн, хэвлүүлсэн түүний бүтээл Букерын шагнал хүртсэнд баярлаж байгаагаа илэрхийлэхийн сацуу уг шагналыг эх дэлхийнхээ төлөө гэсэн зүрх сэтгэлтэй, дэлхийгээ хайрладаг, энх тайвныг уриалж, энх тайвны төлөө ажилладаг хүн бүрт зориулж байгаагаа зохиолч Саманта Харви шагналаа гардан авахдаа хэлсэн байна.
Букерын шагналыг дагалдаж 50 мянган фунт стерлингийн мөнгөн шагнал мөн зохиолчид очсон байна. Саманта Харви яг жилийн өмнө “Орбитал” номоо хэвлүүлэн гаргаж байсан бөгөөд одоогоор түүний ном 29 мянган хувь борлогдоод байгаа ажээ. Тэрээр энэ жилийн Букерын шагналын төлөө Канад, АНУ, Австрали, Шинэ Зеландын зохиолчидтой өрсөлдөн тэргүүлсэн байна. Мөн 2020 оноос хойш Букерын шагналыг хүртсэн анхны британи зохиолч болоод байна.
Букерын шагнал 1968 онд бий болж, анхны шагналыг 1969 онд гардуулж байсан бөгөөд 2013 он хүртэл тус шагналыг зөвхөн Их Британийн Хамтын нийгэмлэгийн орнууд болон Ирланд, Зимбабве улсын зохиолчдод л олгодог байсан бол түүнээс хойш бусад орны зохиолчид өрсөлдөх эрхтэй болсон юм. Хамгийн гол шалгуур нь шагналд өрсөлдөх бүтээл англи хэл дээр бичигдэж, хэвлэгдсэн байх ёстой байдаг.