“The Seed of the Sacred Fig” – “Ариун инжирийн үр”
Төр засагтаа шүүмжлэлтэй ханддаг Ираны кино зохиолч, найруулагч Мохаммад Расулофын нууцаар хийсэн уг кино энэ жилийн Каннын кино наадмын хөтөлбөрт оролцуулахаар сонгогдсон бөгөөд яг тэр үед түүнд 8 жил хорих ял оноосон ч тэрээр баригдахаас өмнө Иранаас оргон зайлж, Каннын кино наадмын үеэрх өөрийнхөө киноны нээлтийн улаан хивсний ёслолд амжин оролцож байсан юм. Уг кинонд Ираны нийгмийн асуудлыг хөндөн харуулсан бөгөөд Каннын фестивалийн үеэр магтаал, сайшаалаар “бөмбөгдүүлсэн” киноны нэг болж байсан.
Киноны нээлт – 11 сарын 27
“The Piano Lesson” – “Төгөлдөр хуурын хичээл”
Зохиолч Август Уилсоны Пулитцерын шагнал хүртсэн жүжгийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн уг киноны продюсерээр алдарт жүжигчин Дензел Вашингтон ажиллаж, түүний хүү Мальколм Вашингтон найруулж, Жон Дэвид Вашингтон хэмээх хүү нь гол дүрд тогложээ. Мөн уг кинонд алдарт жүжигчин Самюэль Л.Жексон туслах дүрд тоглосон байна.
Киноны нээлт – 11 сарын 8
“Emilia Pérez” – “Эмилиа Перез”
Найруулагч Жак Одиярын энэхүү шинэ триллер жанрын кинонд хүйсээ солиулах мэс засалд орж, Эмилиа хэмээх эмэгтэй болон амьдралаа шинээр эхлүүлэх гэж байгаа Мексикийн гэмт хэрэгтэн болон түүнд туслахаар болсон хуульч, өмгөөлөгч эмэгтэйн талаар өгүүлдэг ажээ. Холливудын жүжигчин Зои Салдана, Карла Софиа Гаскон, дуучин Селена Гомез нарын тоглосон энэхүү киноны өөр нэг сонирхолтой зүйл нь энэ кино мьюзикл бүтээл юм.
Киноны нээлт – 11 сарын 1
“Here” – “Энд”
Найруулагч Роберт Земекис, кино зохиол Эрик Рот, гол дүрд Том Хэнкс, Робин Райт нар тоглосон гэхээр танд 30 жилийн өмнөх “Форрест Гамп” киног санагдуулж магадгүй. Тэгвэл тэд сүүлчийн удаа ахин нэгдэж, “Энд” хэмээх киног бүтээжээ. Уг кинонд залуудаа гэрлэсэн хоёр хосын туулж өнгөрүүлсэн амьдралын он жилүүдийг гэрийнх нь нэг өрөөний зөвхөн нэг өнцгөөс харуулан бүтээснээрээ онцлогтой ба өдгөө 68 настай Том Хэнкс, 58 настай Робин Райт нарыг хорин хэдхэн настай залуу болгон тоглуулсныг та бүхэн заавал үзээрэй. Өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цаг бүгд яг “энд” өрнөдгийг харуулсан уг кино нь урьд өмнө бүтээгдэж байгаагүй шинэлэг хийцтэй гэдгийг дахин сануулъя.
Киноны нээлт – 11 сарын 1
“Juror #2” – “Тангарагтны шүүгч №2”
Энэ кино нь өдгөө 94 настай домогт жүжигчин, найруулагч Клинт Иствудын найруулсан 40 дэх уран бүтээл болон гараад байна. Мөн энэ нь түүний сүүлчийн кино биш ч байж магадгүй. Жүжигчин Николас Холтын гол дүрд нь тоглосон уг триллер жанрын кинонд өөрөө хэрэгтэн байж магадгүй нөхцөл байдалд орсон тангарагтны шүүгчийн тухай өгүүлдэг юм. Тангарагтны шүүгч буруугаа хүлээж, гэмгүй хүнийг яллах болов уу, үгүй юу? Үүнийг киног үзэж байж л мэднэ.
Киноны нээлт – 11 сарын 1
“Moana 2” – “Моана 2”
2016 онд гарч байсан Полинезийн гүнж Моана болон түүний найз хагас бурхан, хагас хүн Мауи нарын адал явдал дахин үргэлжиж байна. Анхандаа тэрхүү хүүхэлдэйн киноны римэйкийг бодит жүжигчдийг тоглуулан бүтээхээр төлөвлөж байсан ч энэ оны 2 сард төлөвлөгөө өөрчлөгдөж байгааг зарласан юм. Disney компанийн захирал Боб Игер “Moana 2” хүүхэлдэйн кинонд ихэд найдлага тавьж байгаагаа хэлсэн байна.
Киноны нээлт – 11 сарын 27
“Gladiator II” – “Гладиатор 2”
Найруулагч Ридли Скоттын 86 насандаа бүтээгээд байгаа “Гладиатор 2” кино энэ сард нээлтээ хийж байна. 2000 онд гарч, дэлхийг шуугиулж байсан эхний ангийн үргэлжлэл болон гарч байгаа уг кинонд Максимусын хүү Луциусын (жүжигчин Пол Мескал) түүхийг өгүүлдэг ажээ. Генерал Маркус Акациусын (жүжигчин Педро Паскал) цэргүүдийн гарт гэр бүлээ алдсан Луциус өшөөгөө авахын тулд Макринусын (жүжигчин Дензел Вашингтон) дор тулааны бэлтгэл хийдэг бол Макринусын цаагуураа Ромын эзэн хааныг (жүжигчин Жозеф Куинн) хаан ширээнээс түлхэн унагах далд зорилгыг агуулдаг байна.
Киноны нээлт – 11 сарын 22
“Wicked” – “Хорон санаат”
“Маргад эрдэнэ хотын илбэчин” хэмээх алдарт хүүхдийн үлгэрийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн уг киноны найруулагчаар Жон М. Чу ажилласан бол гол дүрүүдэд жүжигчин Синтиа Эриво, дуучин Ариана Гранде нар тоглосон байна. Мөн уг кино мьюзикл хэв маягаар бүтээгдсэн бөгөөд 2 цаг 40 минут үргэлжилдэг гэнэ. Тэгээд зогсохгүй зөвхөн эхний анги болон гарч байгаа ба хоёрдугаар анги нь 2025 оны эцсээр гарах төлөвтэй байгаа юм.
Киноны нээлт – 11 сарын 22
“A Real Pain” – “Жинхэнэ өвдөлт”
Киноны гол дүрд жүжигчин Кийран Калкин, Жесси Айзенберг нар тоглож, Жесси Айзенберг мөн киноны зохиолыг бичиж, продюсер болон найруулагчийн үүргийг давхар гүйцэтгэжээ. Тэд багаасаа хол өссөн ч эмэг эхийнхээ оршуулганд оролцохоор Польш руу хамтдаа явж байгаа хамаатнуудын дүрийг бүтээсэн байна. Кино шүүмжлэгчид энэхүү инээдмийн драма төрөл жанрын уран бүтээлийг нэг удаа ч гэсэн үзэхийг зөвлөж байгаа юм.
Киноны нээлт – 11 сарын 1
Дэлхийн хоёрдугаар дайны тухай өгүүлсэн Британийн энэхүү кинонд томоохон дайн, тулаан гэхээсээ илүү шөнө бүр бөмбөгдөлтөн дор амьдарч байсан Лондон хотын энгийн оршин суугчдын аж амьдралыг харуулснаараа онцлогтой бүтээл болжээ. Найруулагч Стив Маккуины уг бүтээлд жүжигчин Сершэ Ронан 9 настай хүүгийнхээ хамт амьдардаг өрх толгойлсон ганц бие ээжийн дүрийг бүтээжээ.
Киноны нээлт – 11 сарын 22
“Queer” – “Ижил хүйстэн”
Найруулагч Лука Гуаданиньо уг киногоо зохиолч Уилльям Берроузын “Queer” хэмээх намтар номоос сэдэвлэн бүтээжээ. Харин киноны гол дүрд тагнуул 007-гийн дүрээрээ алдаршсан жүжигчин Дэниел Крейг тоглосон байна. Тэрээр Мехико хотын уушийн газраар хэсүүчлэх ижил хүйстэн Америк эрийн дүрийг бүтээсэн бөгөөд киноны үйл явдал 1950-иад онд өрнөдөг байна.
Киноны нээлт – 11 сарын 27
“September 5” – “9 сарын 5”
1972 оны 9 сарын 5. Мюнхены зуны Олимпын наадмын үеэр Палестины террористууд Израилийн баг тамирчдыг зочид буудлынх нь өрөөнд барьцаанд авсан бодит үйл явдлаас сэдэвлэсэн ээлжит нэгэн киног америкийн уран бүтээлчид бүтээгээд байна. Энэ удаад болсон үйл явдлыг тухайн зочид буудалд байсан АНУ-ын ABC Sports сувгийн мэдээний багийнхны өнцгөөс харуулснаараа онцлог болсон бөгөөд найруулагч Тим Фелбаумын энэхүү киноны гол дүрүүдэд Питер Сарсгаард, Бен Чаплин нар тогложээ.
Киноны нээлт – 11 сарын 27