Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 3 дугаар багийн Борхужирын даваан дээр өчигдөр 2 автомашин мөргөлдөж, автомашины төмөр хийцэд 3 хүн хавчуулагдсан байна. Энэ тухай дуудлагыг 11-р сарын 17-ны өдрийн 14:20 цагт онцгой байдлын алба хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Жаргалтхаан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн албан хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Дорнод аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Н-ийн “Toyota Prius-20” загварын суудлын автомашин, Сүхбаатар аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Д-ийн “Nissan X-Trail” загварын 2 зорчигчтой суудлын автомашинтай мөргөлдсөн байжээ. Автомашины төмөр хийцэд иргэн Н /20 настай, эрэгтэй/, Д /35 настай, эмэгтэй/, /38 настай, эрэгтэй/ нар хавчуулагдсан байсан тул аврагчид эсэн мэнд гаргаж, Цэнхэрмандал сумын Эрүүл мэндийн төвийн их эмчид хүлээлгэн өгсөн байна.