“Miss Universe 2024” тэмцээний ялагчаар Данийн оролцогч Викториа К.Тейлвиг тодорчээ


“Miss Universe 2024” гоо бүсгүй шалгаруулах тэмцээн орон нутгийн цагаар ням гаригт Мексикийн нийслэл Мехико хотын Arena CDMX цогцолборт зохион байгуулагдлаа. Энэ жилийн гоо бүсгүйн тэмцээнийг Америкийн телевизийн хөтлөгч Марио Лопез, “Miss Universe” тэмцээний өмнөх ялагч Оливиа Кулпо хоёр хөтөлж, төгсгөлийн шоуны үеэр дуучин Робин Тике ая дуугаа өргөжээ.

73 дахь удаагаа зохион байгуулагдсан “Miss Universe” тэмцээнд дэлхийн 130 орны гоо бүсгүйчүүд оролцож, энэ удаагийн тэмцээний ялагчаар 21 настай Дани улсын гоо бүсгүй Викториа Кьяер Тейлвиг тодорч, өнгөрсөн жилийн гоо бүсгүйгээр шалгарсан Никарагуа улсын мисс Шейннис Паласиосоос гоо бүсгүйн титмийг хүртсэн байна.

Дани улс түүхэндээ анх удаа “Miss Universe” тэмцээний ялагчаар тодорч байгаа нь энэ юм. 2024 оны гоо бүсгүйгээр тодорсон Викториа Кьяер Тейлвиг нь бүжигчин, энтрепренер, мөн хуулийн сургуульд суралцаж байгаа оюутан ажээ.

Тэмцээний үндэсний хувцастай хасагдах шатанд 30 оролцогч шалгаран үлдэж, улмаар усны хувцасны тэмцээнд өрсөлдөн 12 оролцогч тунаж үлдсэнээс шилдэг 5 оролцогчийг тодруулсан байна. 5-р байрт Венесуэлийн оролцогч Илеана Маркез Педроза, 4-р байрт Тайландын оролцогч Сучата Чуангсри, 3-р байрт зохион байгуулагч Мексик улсын оролцогч Мариа Фернанда Бельтран, 2-р байрт Нигери улсын гоо бүсгүй Чидимма Адетшина шалгарчээ.

Энэ жил “Miss Universe” тэмцээн жирэмсэн болон хүүхэд төрүүлсэн, хүнтэй гэрлэсэн бүсгүйчүүдийг оролцуулах шинэ дүрмийн дагуу зохион байгуулагдсанаараа онцлогтой байлаа. Ялангуяа насны хязгаарыг цуцалж, 28-аас дээш настай бүсгүйчүүд оролцох боломжтой болсон бөгөөд төгсгөлийн шатанд үлдсэн гоо бүсгүйчүүдийн талаас илүү нь 28-аас дээш настай оролцогчид байлаа. Мөн Мальта улсын гоо бүсгүй Беатрис Нёояа нь тус тэмцээний түүхэн дэх анхны 40+ настай оролцогч, мөн шувтаргын шатанд тэнцсэн анхны 40+ насны оролцогчоор тодорсон байна.

1952 оноос эхлэн зохион байгуулагдаж ирсэн Miss Universe тэмцээнийг 1996-2015 оны хооронд АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Дональд Трамп эзэмшиж байсан түүхтэй. Өнөөдөр уг тэмцээнийг Тайландын JKN Global Group болон Америкийн Legacy Holding Group хамтран эзэмшиж байна.

Дэлхийд олон улсын чанартай “Miss Universe”, “Miss World”, “Miss International” болон “Miss Earth” гэсэн гоо бүсгүй шалгаруулах дөрвөн тэмцээн байдаг ажээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *