Д.Трамп АНУ-ын харилцаа холбооны зохицуулах комиссын тэргүүнээр Б.Каррыг нэрлэжээ


АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Д.Трампын ээлжит томилгоогоо зарласан байна. Тэрээр Холбооны харилцаа холбооны комиссын тэргүүний албан тушаалд Брендан Каррыг нэр дэвшүүлж байгаагаа мэдэгджээ.

Брендан Каррын хувьд Элон Маскын Х-ээс бусад Google, Facebook, мөн хятад толгой компанитай TikTok зэрэг технологийн компаниудад шүүмжлэлтэй ханддаг, тэдгээр компаниудыг журамлах ёстой гэж үздэг хуульч бөгөөд тэрээр Холбооны харилцаа холбооны комисст олон жил ажилласан туршлагатай хүн юм.

Д.Трамп мэдэгдэлдээ Б.Каррыг “үгээ хэлэх эрх чөлөөний тэмцэгч” хэмээн онцолж, “Америкийн эрх чөлөө болон эдийн засгийг боомилж байсан зохицуулах дүрэм, журмын эсрэг тэмцсэн хүн” гэж магтсан байна.

Хариуд нь Б.Карр өөрийнхөө Х хуудсанд энэхүү албан тушаалд нэр дэвшигдсэн нь нэр төрийн хэрэг байлаа гээд “эрх чөлөөг боож хаадаг явдыг зогсоох төлөвлөгөөг боловсруулна” хэмээн бичжээ.

Өнөөдрийн байдлаар Д.Трампын засаг захиргааны гол томоохон албан тушаалын томилгоонууд үндсэндээ дуусаад байна. Гэхдээ түүний нэр дэвшүүлсэн эдгээр томилгоог АНУ-ын Сенатын зөвшөөрлөөр батлах хуультай. Сая болж өнгөрсөн сонгуулиар Бүгд найрамдах нам томоохон ялалт байгуулж Сенатад олонх болсон тул Трампын томилгоо асуудалгүй батлагдах нь тодорхой байгаа юм. Д.Трамп 2026 оны 1 сарын 20-нд тангараг өргөж, ерөнхийлөгчийн албандаа орох болно.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *