Хонконгийн ардчиллын төлөө тэмцэгч идэвхтнүүдэд хорих ял оноожээ


Хонконгийн ардчиллын төлөө тэмцэгч идэвхтнүүдэд үндэсний аюулгүй байдлыг алдагдуулсан, хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан хэргээр хорих ял оноогоод байна. 

Тодруулбал БНХАУ-ын засгийн газраас тогтоосон шинэ стандартад нийцээгүй хууль бус жагсаал цуглаан, улс төрийн бусад хэлбэрийн үйл ажиллагааг зохион байгуулж, оролцсон гэх үндэслэлээр тэднийг “тэднийг хорлон сүйтгэх ажиллагаа явуулж, үндэсний аюулгүй байдлыг алдагдуулсан” хэргээр буруутгажээ.

Хонконгийн Дээд шүүх Бенни Тай, Жошуа Вонг зэрэг ардчиллын төлөө тэмцэгч 47 идэвхтэн, хууль тогтоогч нарт 10 хүртэлх жилийн хорих ял оноожээ. Бенни Тай 10 жил хоригдох ял авсан бол Жошуа Вонг 4 жил гаруй хоригдох ял сонсчээ.

Дээрх 40 гаруй хүний дийлэнх нь Хонконгийн ардчиллын төлөөх хөдөлгөөний удирдагчид бөгөөд Хонконгийн өөртөө засах эрхийг хамгаалж, БНХАУ-ын эрх баригчдын нөлөөллийг эсэргүүцсэн 2019 оны томоохон хэмжээний тайван жагсаалд оролцож байсан хүмүүс бөгөөд тэдний эсрэг анх 2020 онд үүсгэж байсан хэргийн шийдвэрийг мягмар гаригт танилцуулсан байна.

Хонконгийн Дээд шүүхийн дээрх шийдвэрийг Хонкогт ардчиллыг дарангуйлах үйл ажиллагааг эрчимжүүлсэн ээлжит алхам болж, БНХАУ засаг захиргааны онцгой бүс гэж нэрлэдэг тус бүс нутагт тавих хяналтаа чангатгаж, Хонконгийн ардчилсан институциудыг бодитоор устгаж байгааг харууллаа хэмээн олон улсын ажиглагч, экспертүүд үзээд байна.

АНУ-ын зүгээс шүүх хурал болон шүүхийн шийдвэрийг “улс төрийн зорилготой” хэмээн буруутгасан бол Австрали улсын зүгээс шүүхийн шийдвэрийг буруушаахын сацуу Хонконг дах тус улсын иргэн Гордон Нг гэгчид хорих ял оноосон явдалд “туйлын харамсаж” байгаагаа илэрхийлжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *