ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин тус улсын цөмийн зэвсгийн үзэл баримтлалд оруулах нэмэлт өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн байна.
Энэхүү нэмэлт өөрчлөлт нь “хэрвээ ардаа цөмийн зэвсэгтэй их гүрний дэмжлэгтэй цөмийн зэвсэггүй улс Орос руу довтолбол тэдгээр улсуудыг ОХУ-ын эсрэг нэгдэн довтолсон гэж үзнэ” гэсэн үндсэн утга агуулгатай ажээ. Өөрөөр хэлбэл Оросын эсрэг олон тооны пуужин, дрон, онгоцоор довтолсон тохиолдолд цөмийн зэвсгээр хариу үзүүлэх шалгуурт тэнцэхээр болж байгаагаас гадна ОХУ болон мөн Беларусь улсын тусгаар тогтнолд ноцтой аюул заналхийлэл учруулсан тохиолдлыг авч үзэх юм байна. Дээр нь аливаа цэргийн эвслийн аль нэг гишүүн орон Москвагийн эсрэн заналхийлсэн тохиолдолд үүнийг тухайн эвслээс заналхийлсэн гэж үзэх ажээ.
ОХУ-ын цөмийн зэвсгийн үзэл баримтлалд дээрх өөрчлөлтүүдийг оруулах хүсэлтийг В.Путин энэ оны эхээр тавьж байсан бөгөөд одоо өрнөж үйл явдлуудтай тохиолдлоор давхцсан хэрэг болж байна, улс орнуудыг шинэ үзэл баримтлалыг сайтар судалж, гүн гүнзгий дүн шинжилгээ хийх хэрэгтэй гэдгийг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков мэдэгджээ.
Эдгээр өдрүүдэд Бразилын Рио де Жанейро хотноо зохиогдож байгаа “Их 20”-ийн дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “бид цөмийн дайн гаргахгүй байхын төлөө байдаг чадлаараа л сэргийлж байна” хэмээн хэлсэн байна.
ОХУ-ын цөмийн зэвсгийн үзэл баримтлалд оруулахаар болоод байгаа энэхүү нэмэлт өөрчлөлтийг өнгөрсөн 9 дүгээр сард анх санал болгож байсан бол энэ долоо хоногийн мягмар гаригт тохиосон Украины дайны 1000 дахь өдрөөр уг нэмэлт өөрчлөлтийг В.Путин зөвшөөрлөө.
Түүнчлэн АНУ-ын төрийн тэргүүн Ж.Байдены даваа гаригт гаргасан Америкийн ATACMS алсын тусгалт пуужинг Оросын эсрэг харван ашиглахыг Украин улсад зөвшөөрсөн шийдвэрийн дараагаар ийнхүү ОХУ цөмийн зэвсгийн үзэл баримтлалдаа өөрчлөлт оруулахаар боллоо.
Ж.Байдены хувьд ерөнхийлөгчийн албанаасаа буухаасаа 2 сарын өмнө амжиж ийнхүү Украинд дээрх зөвшөөрлийг олгож, Украины арми ч мөн цаг алдалгүй Америкийн ATACMS пуужингаар Оросын нутаг дахь цэргийн объектод анх удаа цохилт өгсөн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж эхлээд байна.
Украины арми Америкийн алсын тусгалт ATACMS пуужингаар оросын цэргийн обьектод цохилт өглөө
Украины хилээс 130 км-т орших Оросын Брянск мужийн Карачев хотын ойролцоох цэргийн объектод ATACMS пуужингаар цохилт өгсөн бол ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр орон нутгийн цагаар 19-нд шилжих шөнө ATACMS ангиллын 6 пуужинг Брянск муж дахь цэргийн байгууламж руу харваснаас 5-ыг нь С-400 зенит пуужингийн систем болон Панцирь зенит пуужин-их бууны систем устгасан гэжээ. Түүнчлэн цэргийн объектын дотор гал гарсныг унтраасан бөгөөд хүний амь эрсдээгүй, эвдрэл сүйтгэл учраагүй хэмээн мэдээлсэн байна.