АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Дональд Трамп Худалдаа аж үйлдвэрийн төрийн нарийн бичгийн дарга буюу сайдаар Ховард Лутникийг сонгон нэр дэвшүүлжээ.
Тэрээр мэдэгдэлдээ Х.Лутникийг түүний шинэ засаг захиргааны “тариф болон худалдааны бодлогыг тэргүүлэн удирдах чадвартай хүн” хэмээн онцолжээ.
“Cantor Fitzgerald” санхүүгийн фирмийн гүйцэтгэх захирал Ховард Лутникийг өмнө нь АНУ-ын Сангийн төрийн нарийн бичгийн даргын албан томилно хэмээн яригдаж байсан юм. Дотоодын эдийн засаг, төсөв санхүү болон татварын бодлогыг тодорхойлдог Сангийн сайдын албанд Д.Трамп хэнийг тавих бол хэмээн дотоод, гадаадгүй чих тавин хүлээж байгаа.
Өөрийгөө “хүчирхэг капиталист” хэмээн тодорхойлдог Х.Лутник Худалдаа аж үйлдвэрийн сайдад нэрийг нь дэвшүүлсэн явдалд талархал илэрхийлж, дэлхийд өрсөлдөх ажлын байрыг санал болголоо хэмээн хэлсэн байна.
АНУ-ын Худалдаа аж үйлдвэрийн департамент ойролцоогоор 50 мянган ажилтантай, Сангийн департаменттай харьцуулахад харьцангуй жижиг яам бөгөөд бизнесүүд болон үндэсний аюулгүй байдлын эрх ашгийн тэнцвэрийг хадгалахад гол үүрэг оролцоотой байдгаас гадна дотоодын аж үйлдвэрлэл болон компани, аж ахуй нэгжүүдийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэдэг яам юм.