Газын зурваст гал зогсоох тухай Аюулгүйн зөвлөлийн тогтоолын төсөлд АНУ хориг тавьжээ


Газын зурваст гал зогсоох тухай НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолын төсөлд АНУ хориг тавьсан байна. Энэ нь АНУ өөрийн холбоотон Израил улсыг хамгаалж, гал зогсоох тогтоолын төсөлд хориг тавьсан 4 дэх тохиолдол боллоо.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 15 гишүүн орны 14 нь Газын зурваст гал зогсоох тухай тогтоолын төслийг дэмжсэн бол хориг тавьсан АНУ-аас НҮБ-д суух Элчин сайдын орлогч Роберт Вуд уг баримт бичигт гал зогсоосноор барьцааны хүмүүсийг суллах ёстой тэрхүү зайлшгүй шаардлагатай уялдаа холбоог орхигдуулсан гэх үндэслэлээр хориг тавьжээ. Мөн түүнчлэн уг тогтоолын төслийг баталснаар дайтагч Хамас бүлэглэлд “аюултай мессежийг” илгээж болзошгүй хэмээх шалтгааныг тайлбарласан байна.

Уг тогтоолын төсөлд “Газын зурвас дахь дайныг нэн даруй, ямар ч болзол шаардлагагүйгээр, бүрмөсөн дуусгаж, бүх барьцааны хүмүүсийг нэн даруй, ямар ч болзолгүй суллах ёстой” гэдгийг дайтагч талуудаас шаардсан байжээ.

АНУ-ын тавьсан хоригийг Аюулгүйн зөвлөлийн олон гишүүд хурцаар шүүмжилсэн байна. НҮБ-д суугаа БНХАУ-ын элчин сайд “Палестинчуудын амь насанд ямар нэг үнэ цэнэ, утга учир гэж байна уу?” хэмээн асуусан бол Францын элчин сайд энэхүү дайнд олон улсын хүний эрхийн хууль тогтоомжууд “хөсөр хаягдсан” учраас одоо авч болох цорын ганц арга хэмжээ бол нэн даруй, бүрмөсөн гал зогсоох явдал юм гэжээ. Их Британи улсын элчин сайд дайныг дуусгаж, Газын зурвас дахь зовлон шаналлыг зогсоож, бүх барьцааны хүмүүсийг яаралтай нэн даруй суллахыг хүсэж байгаагаа илэрхийлжээ.

Мөн хуралдааны үеэр Палестинаас НҮБ-д суугаа байнгын ажиглагчийн орлогч Мажид Бамия хэлэхдээ, “олон улсын хамтын нийгэмлэг Палестинчуудын амь насыг энгийн зүйл мэтээр харж суух ёсгүй, зарим хүмүүсийн хувьд бид буруу иргэншилтэй, буруу итгэл үнэмшилтэй, буруу арьсны өнгөтэй байж магадгүй., гэхдээ бид ч гэсэн хүмүүс, тиймээс бидэнтэй адил тэгш харьцах ёстой! Зөвхөн Израилд зориулагдсан” НҮБ-ын дүрэм” байдаг гэж уу? Зөвхөн Израилд үйлчилдэг “олон улсын хууль” байдаг гэж үү ? Израил хүн хороох эрхтэй юу? Палестинчууд зөвхөн үхэх эрхтэй гэж үү?” хэмээн нэлээд уурлаж, бухимдсан маягтай ширээгээ цохин үг хэлсэн байна.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын 5 гишүүн улсад хориг тавих эрх байдаг бол үлдсэн 10 гишүүн орныг хоёр жилийн хугацаатайгаар сонгодог дүрэмтэй.

Өнгөрсөн оны 10 сарын эхээр Хамас зэвсэгт бүлэглэлийнхэн Израилын хилээр нэвтрэн орж ирж, гэнэтийн халдлага үйлдэж, 1200 орчим хүнийг хороож, Израилын 253 иргэнийг барьцаалан авсны дараагаар энэхүү Израил-Хамасын дайн эхэлж байсан бөгөөд өнгөрсөн жил гаруй хугацаанд Газын зурваст 44 мянга орчим хүн амь үрэгдээд байгаа гэсэн тоог Газын Эрүүл мэндийн яамнаас сүүлд өгсөн байна.

НҮБ-ын зүгээс мөн Газын зурвасын хойд нутгийн палестинчууд өлсгөлөнгийн ирмэгт тулж, өдөр хоногийг амь зогоон өнгөрүүлж байгааг анхааруулаад байгаа бөгөөд үүний шалтгааныг тухайн хэсэгт сүүлийн 40 хоногийн хугацаанд ямар ч хүнсний тусламж хүргээгүйтэй холбон тайлбарлажээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *