Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхантай ярилцлаа.
————————————————————————
-Цэргийн төв эмнэлэг буюу госпиталд диализын аппаратад ороод, нас барсан иргэн ДОХ-той байсан гэсэн мэдээлэл гарсан. Диализын аппаратад орсон бусад иргэд ДОХ-ын халдвар авсан байх магадлалтай юу?
-Цэргийн төв эмнэлэг Батлан хамгаалах яамны харьяа эмнэлэг. Гэхдээ манай Эрүүл мэндийн яам салбарын хяналтын хүрээнд шалгалт хийгээд эхэлсэн байна. Бид эмнэлэгт хэвтэж байгаа хүн бүрээс B, C, ДОХын халдварын шинжилгээ авч, нягталдаг. ДОХ-ын халдвартай хүн аравдугаар сард хэвтэн эмчлүүлсэн. Диализын аппаратад орж байгаа хүн бүрээс шинжилгээ авч, халдвар хамгааллын дэглэм баримталдаг. Гэхдээ ер нь ямар нэгэн вирусийн халдвартай хүний эмчилгээг тусад нь хийдэг. Бусад өвчтөнүүдэд ДОХ-ын халдвар халдсан халдсан байх эрсдэл байгаа юу, үгүй юу гэдгийг тогтоох зорилготойгоор салбарын хяналтынхан газар дээр нь ажиллаж байна.
-Хэрвээ иргэд ДОХ-ын халдвар авсан нь батлагдвал хаана, хэнд ямар хариуцлага тооцох вэ?
-Эхний ээлжинд иргэдэд ДОХ-ын халдвар тарсан эсэхийг тогтоох ёстой. Тэгж байж хаана, аль шатандаа хариуцлага алдсан бэ гэдгийг тогтооно.
-Цэргийн төв эмнэлэгт диализын аппаратад ороод, нас барсан иргэнд задлан шинжилгээ хийгээд, ДОХ-той байсныг нь мэдсэн гэж дуулсан. Тэнд шинжилгээ хийсэн эмч, ажилтнуудад ДОХ-ын халдвар цусаар ч юм уу дамжаад халдварласан байж болох уу?
-Задлан шинжилгээ халдвар хамгааллын маш том дэглэмийн дор хийгддэг. Тэгэхээр халдварласан байх эрсдэл бага байх. Хоёрдугаарт, энэ хүнийг вирусийн халдвартай юу, үгүй юү гэдгийг тогтоогоод, мэдэж байгаад задлан шинжилгээ хийсэн үү, мэдэхгүй байж байгаад хийсэн үү гэдэг нь тухайн үеийн нөхцөл байдлаас тодорхой хэмжээнд шалтгаалах байх.
-Аравдугаар сарын 15-ны өдөр гарсан хэрэг гэж ойлгосон. Цэргийн төв эмнэлэг гурван диализын аппараттайгаас тухайн үед нэг нь ажиллаж байсан гэсэн мэдээлэл бий. Түүнээс хойш өдөрт энэ аппаратад олон хүн орсон гээд бодохоор ДОХ-ын халдвар нэлээн тархсан байх магадлалтай. Та юу хэлэх вэ?
-Энэ дээр ажиллаж байна. Үнэхээр тийм эрсдэл үүссэн үү, үүссэн бол хэдэн хүн ийм эрсдэлтэй байдалд орсон бэ гэдгийг бүгдийг нь тогтооно.
-Биднийг энэ мэдээллийг анх аваад, аравдугаар сард холбогдох албадаас тодруулахад “ДОХ-той хүн нас бараагүй” гэсэн мэдээлэл өгч байсан. Талийгаачийн ар гэрийнхэн ДОХ-той хүн шүү гэж хэлэлгүй, зөвхөн эдгэшгүй өвчтэй гэж хэлсэн байсан. Ийм хариуцлагагүй байдлаас болж маш олон хүнд ДОХ-ын халдвар тархсан байж болзошгүй учраас маш их нууцалж, хэн ч ам нээгээгүй юм болов уу?
-Хэн нууцалсан юм бол?
-Бид энэ хэргийг маш их нууцалж байгаа тухай мэдээлэл авсан. Бүр Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр яригдах хүртэл нууцалсан гэж дуулсан?
-Надад тийм мэдээлэл байхгүй.
-Сүүлийн гурван жилд буюу 2019-2023 оны хооронд умайн хүзүүний хорт хавдраар 799 хүн нас баржээ. Хүний папиллома вирус (ХПВ)-ийн халдварын эсрэг сэргийлэх тарилга хийлгэх нь зөв үү?
-Умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэж байгаа шалтгааны 95 хувь нь папиллома вирус юм. Энэ вирусээс 98 хувь хамгаалж чадах зүйл бол вирусийн эсрэг вакцин. Энэ вакциныг дэлхийн 140 улсад 2006 оноос хойш 18 жилийн турш хэрэглэж байна. Тийм учраас энэ товлолт вакцинжуулалтад хүүхдүүдээ хамруулж чадвал ирээдүйд бид энэ умайн хүзүүний хорт хавдрыг 60, 70 хувь хүртэл бууруулж чадах боломжийг бий болгож байгаа юм. Хамгийн өндөр хувиар сэргийлж чадах арга бол вакцинжуулалт. Дээрээс нь зөвхөн умайн хүзүүний хорт хавдар гэлтгүй залгиур хоолой гэх мэтчилэн зарим хавдрыг хүртэл папиллома вирус. Тиймээс энэнээс хамгийн өндөр хувиар сэргийлж чадах нь нотлогдсон тарилгыг хийж вакцинжуулалтад хамруулж байгаа юм. Энэ бол хамгийн зөв зүйтэй арга.
-Хүний папиллома вирусийн вакциныг дэлхийн 145 улс дархлаажуулалтын хөтөлбөртөө нэвтрүүлснээс 75 нь эр, эм хоёр хүйсэндээ ижилхэн хийж байгаа юм билээ. Монгол Улсын хувьд энэ чиглэлээр ямар бодлого барьж байгаа вэ?
-Энэ вакцинжуулалтыг аль болох бэлгийн харьцаанд орохоос нь өмнө хийвэл илүү үр дүнтэй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, бусад орнуудын туршлагыг харахад хамгийн зөв нас нь 11 нас болчихоод байгаа юм. Хэдийгээр умайн хүзүүний хорт хавдар үүсгэдэг ч гэсэн эрэгтэйчүүд маань дамжуулагч болчихдог, бусад эрхтэний хавдрыг үүсгэдэг учраас эрэгтэй, эмэгтэй 11 насныхны заавал хийлгэх ёстой вакцин. Ер нь иргэд маань сайн дураар вакцинжуулалтад хамрагдвал маш сайн. Вирусийн халд вартай байсан ч энэ вакциныг хийлгэх нь өндөр үр дүнтэй.
-“Олны үг ортой” гэдэг. Ямар нэг асуудлаар шуугиад л эхэлбэл тэр асуудал үнэн байх талтай, оргүй биш байх аа гэж бодоход хүргэж эргэлзүүлдэг. “Энэ вакциныг л хүүхдэдээ битгий тариулаарай” гэсэн мэдээллийн цаана ямар шалтгаан байна гэж та хэлэх вэ?
-Нэгдүгээрт, хувь хүмүүсийн үзэл бодлыг яалтай ч билээ дээ. Хоёрдугаарт, үе үе вакцин, түүнд хамрагдах асуудалд сөрөг байр суурьтай ханддаг бүлэг хүмүүс байгаа юм. Цаанаа ямар нэгэн эрх ашиг байна уу, үнэхээр өөрсдийнхөө үзэл бодлыг илэрхийлж байна уу гэдэгт л асуудал байгаа байх даа. Энэ вакцинжуулалт 2012 онд анх эхэлсэн. Гэхдээ товлолт бус, сайн дурын дархлаажуулалт эхэлсэн. Яг ингэж вакцины эсрэг байдаг хүмүүсийн нөлөөллөөс болоод тухайн үедээ 2000-аад хүүхдэд хийгдээд, түүнээс хойш дахиж хийгдээгүй. Хэрвээ тэр үеэс манайхан дархлаажуулалтдаа байнга хамрагдаад явсан бол өнөөдөр умайн хүзүүний хорт хавдар нэмэгдэх биш, буурах шат руугаа орох боломж байсан. Бид судалгаанд суурилсан шинжлэх ухааны бодлого, дэлхий даяараа хийж хэрэглэж байгаа вакцинжуулалтаас хаа холдох билээ дээ.
-Монголчууд олноороо өвчлөөд, урьд хожид дуулдаж байгаагүй хорт хавдрын улмаас хүүхэд, хөгшидгүй хорвоог орхиж байна. Энэ нь өвчнөөс урьд чилан сэргийлэх талаар ойлголт, мэдээлэл өгөх сургалт, сурталчилгаа хангалтгүй байгаатай холбоотой юу?
-Тэрийг л нийгмийн эрүүл мэндийн бодлого гээд байгаа юм. Эрүүл мэндийн салбар маань өнгөрсөн хугацаанд э мнэлгийн тусламж үйлчилгээ рүүгээ 99 хувь анхаарчээ. Тийм учраас Монголд жил ирэх тусам бүх өвчлөл нэмэгдэж байна. Тийм учраас бид нэгд, өвчнийг үүсгэж буй шалтгааныг нь арилгах бодлого руугаа сайн чиглэе ээ. Хоёрдугаарт, яаж өвчнийг бага зардлаар эрт илрүүлж оношлох вэ гэдэг рүүгээ анхааръя. Гуравдугаарт, эмнэлгийн тусламж үйлчилгээг аль болох тухайн амьдарч буй бүс нутгаасаа авах боломжийг нь хангав. Монгол Улсдаа эмчлэгддэггүй бүх өвчнийг эмчилдэг болговол ард иргэдээ санхүүгийн эрсдэл, ядууралд өртөхөөс маш сайн сэргийлж чадах юм байна. Тийм учраас энэ гурван түвшний цогц бодлого хийж, хэрэгжүүлж байж монголчууд маань эрүүл байх боломж байна. Өвдсөн тохиолдолд эрт оношлогдох боломж бай на. Эрт оношлогдсон тохиолдолд эх орондоо ямар нэгэн санхүүгийн эрсдэлд орохгүй болж байна л гэдэг рүү илүү чиглэсэн бодлого арга хэмжээнүүдийг авах хэрэгтэй.
-Өдөрт хорт хавдраар 44 хүн нас барж байна гэсэн мэдээлэл гарсан. Энэ тоо үнэхээр айдас төрүүлж байна. Яаж бууруулах вэ, сайд аа?
-Манай улсад нэгдүгээрт элэгний хавдар, хоёрдугаарт ходоод, гуравдугаарт уушги, дөрөвдүгээрт умайн хүзүү, тавдугаарт, хөхний хорт хавдар орж байна. Элэгний хавдрын гол шалтгаан В, C, D вирусийн халдвар бөгөөд 90 хувийг нь эзэлж байна. Ходоодны хавдрын шалтгааны 60 хувийг хеликобактери эзэлж байна. Умайн хүзүүний хавдрын дийлэнх хувийг папиллома вирус эзэлж байна. Энэ шалтгаануудын эсрэг бид бодлого, арга хэмжээ авч хэрэгжүүлэлгүй, хавдраа яаж эмчлэх вэ гээд л өнөөдрийг хүрсэн учраас хавдрын тохиолдол нэмэгдсэн. Жилийн дотор 16 хувиар өссөн дүнтэй болчихсон байна шүү дээ.
-Улсын эмнэлгүүд амбулаторийн цогц тусламж үйлчилгээ, өдрийн эмчилгээ, сэргээн засах өдрийн эмчилгээ, архаг өвчний үеийн хэвтэн эмчлүүлэх эмийн тусламж үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас санхүүжүүлэхгүй болсон талаар мэдээлсэн. Эрүүл мэндийн даатгалын санд өнөөдөр ямар асуудал тулгараад байна вэ?
-Эрүүл мэндийн даатгалын сан (ЭМДС)-гийн нөхцөл байдал ер нь хүнд байна гэдгийг би Эрүүл мэндийн сайдаар томилогдсоноосоо хойш ярьж байгаа юм. Өнгөрсөн 2021 оноос хойш төвлөрөх ёстой байсан 218 тэрбум төгрөг төвлөрөөгүй байна. 2024 оны нийт санхүүжилтийн дийлэнхийг оны эхний улирлуудад татаад хэрэглэчихжээ. Тийм учраас ЭМДС-д доголдол үүсэхээр байна гэж байнга мэдээлж байгаа. Төгсгөлийн сарын санхүүжилтийг урагш нь татаж хэрэглэсэнтэй холбоотой санхүүжилтийн нөхцөл байдал хүндэрсэн зүйлүүд бий. Гэвч өнөөдрийн байдлаар ямар нэгэн эмнэлгийн тусламж үйлчилгээг зогсоох, улсын эмнэлгүүд төлбөртэй тусламж, үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал огтоос үүсээгүй. Зарим нэг улсын эмнэлэгт ЭМДЕГ-тай гэрээ хийсэн энэ оны гүйцэтгэлийн гэрээ нь хэтэрсэн асуудал бий. Эдгээр эмнэлгүүдтэй хэлцэл хийж, цаашид цаг үеийн буюу томуу, томуу төст өвчний дэгдэлтийн нөхцөл байдалтай уялдуулж, нэн шаардлагатай биш, архаг хууч өвчлөлтэй хүнийг хэвтүүлэн эмчлэхээс зайлсхийж ажиллах чиглэл өгсөн. Энд л ойлголтын зөрүү үүссэн бололтой. Тиймээс нэн яаралтай, хавдрын тусламж, үйлчилгээнд янз бүрийн эрсдэл үүсээгүй. Монгол-Японы эмнэлэг болон бусад улсын эмнэлэг тусламж, үйлчилгээгээ хэвийн үргэлжлүүлж байна. Тодруулбал, Эрүүл мэндийн даатгалаар үйлчилгээгээ үзүүлж байгаа гэж ойлгож болно. Бүх эмнэлэг ЭМД-ын сантай. ЭМД-ын сан хязгаарлагдмал хөрөнгөтэй. Өөрөөр хэлбэл, тухайн жилийн төсөвтөө багтаан эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Тиймээс ялангуяа томоохон эмнэлгүүдэд гэрээ хэтэрсэн зүйл бий. Тухайлбал, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Гуравдугаар эмнэлэг, УНТЭ,
Монгол-Японы эмнэлгүүдийн ЭМДЕГ-тай хийсэн гэрээ дууссан. Гэсэн хэдий ч тухайн эмнэлгүүд Эрүүл мэндийн даатгалаар яаралтай тусламж, үйлчилгээнүүдээ хэвийн үзүүлж байна. ЭМД-ын санд 2023 оны байдлаар 1.93 их наяд төгрөг төвлөрсөн. 11, 12 сард зарцуулах ёстой мөнгийг эхний улирлуудад зарцуулсан учраас өнөөдрийн нөхцөл байдал үүссэн.
Д.Эрдэнэтуяа