Улсын хэмжээнд энэ онд нүүрсний экспортыг 80 сая тоннд хүргэх төлөвлөгөөтэй. Үүнээс 40 сая тонн нүүрсийг Гашуунсухайт боомтоор дамжуулан экспортлох юм. Өнөөдрийн байдлаар тус боомтоор 35.8 сая тонн нүүрс экспортолоод байна. Үүнийг 2023 оны мөн энэ үетэй харьцуулахад 13.2 хувиар өссөн үзүүлэлт юм. Он дуусахаас өмнө буюу 33 хоногт үлдсэн 4.1 сая нүүрсийг экспортлохоор төлөвлөөд буй. Ийн өссөн нь боомтын сэргэлтийн бодлого үр өгөөжөө өгсний илрэл хэмээн харж буй.
Энэхүү уулзалтад УИХ-ын гишүүн, Аж үйлдвэржилтийн байнгын хорооны гишүүн Г.Очирбат болон Гашуунсухайт боомтын захиргаа, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн Ерөнхий газар, Зам тээврийн яамдын төлөөллүүд багтаж байна.
Гашуунсухайт боомтод хийгдсэн бүтээн байгуулалтын ажлыг дурдвал
- Боомтын хуучин барилга байгууламж, зам талбайг бүрэн шинэчилсэн
-Зорчигчийн шалган нэвтрүүлэх 4188 метр квдрат цогцолбор барилгыг өргөтгөсөн - Зорчигч ачаа тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх импорт, экспортын гарцуудыг 3:3 болгон нэмэгдүүлж нүүрс тээвэрлэсэн автомашиныг нэвтрүүлэх экспортын 6 гарцтай байсныг 12 гарцтай болгов
- Олон улсын жишигт нийцсэн ухаалаг гарц, авто пүү, хүнд даацын авто зам, рентген, ариутгал, эрэлч нохойн байр, лаборатори, холбоо дохиолол камержуулалт зэргийг хийжээ.
Дээрх бүтээн байгуулалт хийгдсэнээр боомтын нэвтрүүлэх хүчин чадал 3 дахин нэмэгдэх боломж бүрджээ.
Мөн Гашуунсухайт боомтын өргөтгөл шинэчлэлийн ажлын хүрээнд Өмнөговь аймгийн Хайрхан багт хил хяналтын байгууллагуудын ажилчдын орон сууц, дэд өртөөний барилга, гадна дулаан, цэвэр бохир ус цэвэрлэх байгууламж, уурын зуухны барилгын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна.