УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны сайд Б.Тулга, УИХ-ын гишүүн Г.Очирбат нар бусад албаны хүмүүсийн хамтаар хилийн Гашуунсухайт -Ганц мод боомт хүртэлх төмөр замын бүтээн байгуулалтын төлөвлөгөөтэй танилцлаа.
Тавантолгойн нүүрсний ордыг улсын хилтэй холбох Тавантолгой-Гашуусухайт чиглэлийн төмөр замын төслийг 2020 онд эхлүүлж, хил хүртэлх 233.6 км төмөр замыг барьж 2022 онд ашиглалтад оруулсан. Энэхүү төмөр замын үргэлжлэл болох Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төсөл нь улсын нийгэм, эдийн засагт чухал нөлөө үзүүлэх стратегийн ач холбогдолтой төсөл хэдий ч улс төрийн гацаанд орж, сүүлийн 16 жилийн турш яриа хэлэлцээрийн түвшинд буй.
“Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор авах зарим арга хэмжээний тухай” 68 дугаар тогтоолыг 2023 онд УИХ-аас баталсан. Мөн Засгийн газрын 2024 оны 58 дугаар тогтоолоор Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан өргөн, нарийн царигийн төмөр замын шугамын чигийг тогтоосон. Тус боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 2024 оны дөрөвдүгээр сарын 2-нд байгуулсан байдаг. Улмаар тус төсөл нь энэ онд хэрэгжиж 2027 онд хил холбосон төмөр замыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Тус төмөр замыг байгуулснаар 30 жилд 43 сая ам.долларын орлого олох боломжтой гэж үзжээ.
Төмөр замын дэлгэмэл урт 19.45 км бөгөөд өргөн царигийн 8.66 км нарийн царигийн 10.79 км зам байна гэдгийг “Таван толгой төмөр зам” ХХК-ийн төлөөллүүд онцоллоо.
Төслийн үр өгөөж:
-Нүүрсний экспорт нэмэгдэж 30 жилд 43 сая ам.долларын орлого олж 4.000 сая ам.долларыг төсөвт төвлөрүүлэх боломжтой.
-2030-2050 онд нүүрсний экспортын хэмжээ 22-31сая тонноор нэмэгдэнэ.
-Эдийн засгийн өгөөж 25.11 хувиар нэмэгдэж, хөрөнгө оруулалтаа 5.6 жилийн дотор нөхнө гэх тооцооллыг гаргажээ.
Ийн ашиглалтад орсноор 70 гаруй жилийн дараа БНХАУ-тай төмөр замаар холбогдох түүхэн үйл явц болох юм.