“Морин хуурын хэл”


“Болор цом-42” яруу найргийн наадмын тэргүүн шүлэг

“Морин хуурын хэл”

 Сэтгэлээс үүссэн салхинд

Хээрийн салхи хөлчүүрнэ

Тэнгэрээс үүдсэн аялгуунд

Уулсын сэтгэл халууцна

Морин хуурын эгшиглэн

Ийм эртний хэл

Монгол газар үүссэн

Эх сайхан хэл

Энэ хэлийг анирдсан хүн

Эрэмшин омогшино

Энэ хэлийг сонордсон хүн

Элэг нь дэвтэж уярана

Тэнгэрийг Тэр өндрийг

Туг гэрэгээрээ өргөж

Туйлсан их суу залиар

Сүлд хийморьтой болгосныг

Тэнгэрийн үгээр хүүрнэнэ

Талыг Талбиун уудмыг

Тэнгис далайг цалгиаж

Тивийг сэрээсэн нүүдлээр

Тэнүүн уудам болгосныг

Талын хэлээр шуранхайлна

Морин хуурын хэл

Монгол тэнгэрийн хэл

Монгол газрын хэл ээ.

Унаж сөхөрсөн үед

Уруудаж бүдэрсэн цагт

Морин хуурын үүрсээн

Монгол хүнийг сэрээсэн

Морьтой гэдгийг нь сануулсан

Халирч зэлэрсэн үед

Хавтайж бөхийсөн цагт

Морин хуурын төвөргөөн

Монгол хүнийг сэхээсэн

Мордоод давхихыг харуулсан

Сүлд хийморийг сэрээж

Сүгнийтэл тэнгэрийн дээр гаргаж

Элэр аялгуу нь наранд хүргэж

Эртний өвгөдтэй уулзуулж

Хөөрөг зөрүүлэн хуучлуулж

Хөх толбыг минь тодруулж өгдөг

Морин хуурын хэл

Монгол хүмүүний хэл ээ

Бадран омогшихын бал

Бахархан гэрэлтэхийн гал

Морьтон монголын хөл

Монголыг асаасан хэл

Энэ хэлээр биднийг

Эх дэлхий танина

Энэ хэлээрээ бид

Элэн галавтай ч ярилцана

Морин хуурын хэлээрээ

Монгол язгуурын хэлээрээ

Дээд сансарыг ч уяраана

Дэлхийг дахин дагуулна аа

“Болор цом-2024”-ын дэд байрын эзэн Л. Торойн шүлэг

“НОХОЙН ДУУЛЬ”

Хавиргалсан үй олон хашаанд

Цагирагласан үй олон нохой

Цавиндаа хошуугаа шургуулж унтана

Цаг хугацааны үнэг хөөж зүүдлэнэ.

Цулдам гадсыг сугачих шахан

Цувисан гинжийг тасчих шахан

Зүтгэж, сулрахыг хүсэн цовхчих

Зүрх цагаан хар нохой

Үмх хоол өгдөг эзнийхээ

Үүдийг байтугай

Зүүдийг ч манах албатай…

Гичийний үнэр хашаа нэвт ханхлахад

Гиншин гасалж сүйд болно

Гэсгээл мэт тавилангийн хөлдүү нулимсыг нь

Гэгээн саран л шөнөөр арчина.

Идүүр дундуур хоол биш

Эрх чөлөөг л тэр хүссэн

Эцтэлээ тэнэж, ноходтой зодолдож

Эцэг болж, энд тэндээс хоол олж

Эргэж үүрэндээ ирээд

Эрхэлж үрстэйгээ тоглохыг хүссэн…

Гав гинжтэй түүнийг

Галзуурчихна гэж тариа шахна

Тав алдууллаа гэж

Тал талаас боорлоно

Арцалдаж заримдаа архиран

Араа шүдээ ярзайлгахад

Амьтан хүн айлгалаа гэж

Амыг нь хүртэл бооно.

Хулгайч ирэхэд

Хуцах ч эрхгүй

Гуниглаж хэвтсээр

Гуринхалжээ…

Улин хуцах дуунаар сэрсэн

Ууртай, бас буутай хөрш

Урт банзан хашааны завсраар

Уяатай байгаа мэргэн онов…

Баярлаж үхсэн мэт

Баруун завьж нь шазайн

Ган гинжтэй насан туршаа тэмцсэн

Ганц зэвсэг

Ганхаж мохоогүй хаш цагаан соёогоо

Гайхуулах мэт гаргаад

Газар дэрлэсэн нохойгоо

Уруйд идэгдсэн гүн ганга руу

Буруу харан шидэж орхиод

Буцаж эзэн гэртээ ирэхэд

Эзгүй хашааны буланд

Эвхэрсэн аварга могой мэт

Бахим хар гинж

Ахин нэгнийг хүлээх мэт

Зэв,цус хоёрт барьцалдан хэвтэх нь

Зэрвэс харахад жихүүдэс төрөм…

Зөв бурууг үл ухах мунхаг

Зөвхөн өөрийгөө л үргэлж санах эзэн

Хээр аваачиж хаясангүй

Хэрэг болгон хадгалжээ…

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *