Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах төв 12 төрлөөр иргэдээс санал, гомдол өргөдөл хүлээн авдаг. Үүнд утас, и-мэйл, киоск, дуут шуудан, фэйсбүүк зэрэг орно. Иргэн, төр хоёрыг холбодог гол шугам гэж үүнийг ойлгож болно. 2024 оны 4-р улирлын байдлаар нийт 140.244 иргэний санал, хүсэлт бүртгэгдсэн байна. Иргэдийн зүгээс нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хамгийн их буюу 49.467 гомдол илгээжээ. Үүний ард Эрүүл мэндийн яам бичигдэж байна.
Тэгвэл тус төвийн Олон нийттэй харилцах төвийн дарга өнөөдрөөс ажлаа хүлээлгэн өгч байгаагаа цахим хуудсаараа дамжуулан илэрхийлжээ. Ингэхдээ төрийн албанд ажиллахад ямар их хүнд байдаг, дарамт шахалттай нүүр тулдаг талаар хөнджээ. Тэрбээр:
“Эхлүүлсэн өч төчнөөн ажил байсан ч халагдахыг дээрээс албадлаа. Залуу хүнийхээ хувиар сэтгэл зүтгэл гарган төрд шударгаар, амжилттай ажиллаад ч худал хуурмаг, бусармаг хүмүүст дийлдлээ. Хамгийн хорчин, муу үйлэндээ чадварлаг, бүр бүлэглэл болчихсон хүмүүс дунд ажиллаж үзлээ.
Төрийн ажлыг яс хийлгэж, түмний гомдлыг засагт шударгаар тайлагнасныхаа төлөө дээрээсээ ч доороосоо ч хавчигдаж, энэ хэдэн сарыг тэвчээр заан өнгөрүүллээ. Хүнийг харлуулах, унагах тэдэнд их амархан юм билээ.
Энэ хэдхэн сард миний бие тэдний олон жил хийж бараагүй чамгүй их ажлыг санаачлан, шинэ 11-11 төвийг бүтээх алхмаа амжилттай эхлүүлж байлаа. Нам гүмд дарагдсан 11-11 төвөө иргэдийн асуудлыг сонсох, шийдвэрлэх сайд дарга нарын ажлын талбар болголоо.
Ерөнхий сайдад хүсэлт тавьсны эцэст долоо хоног болгон Засгийн газрын хуралдаанд иргэдийн хамгийн их гомдол дагуулсан 3 асуудлыг өөрийн биеэр танилцуулж, түүний дагуу цаг үеийн асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ орууллаа. Харамсалтай нь эдгээр ажлаа дуусгах хугацаа надад өгсөнгүй, цэг тавиуллаа. Иргэдийн гомдлыг дамжуулдаг бус шийдвэрлүүлдэг, төр нь ард түмнээ сонсоод өнгөрдөг бус ажил хэрэг болгодог тийм л том зорилгод хүрэхээр ажиллаж байлаа.
Энэ хугацаанд төрд хийж бүтээх эрмэлзэлтэй сайд, даргатай бишгүйдээ таарч явлаа. Гэвч тэдний ажлыг гацаадаг, дундуур нь хор хутгадаг, хор найруулдаг, хайрцагладаг, удаан бугшсан, бараг сайд, дарга нараасаа ТОМ дунд, доод шатныхан нь олонх юм билээ.
Ёстой л хуйгаар нь цэвэрлэж, цус сэлбэж байж л шударгаар амжилттай ажиллах нөхцөл бүрдэх юм билээ. Тиймгүй бол яг л над шиг сэтгэл зүрх, цаг зав, хөдөлмөрөө бараад, урмаа хугалаад хоцрох нь ээ.
Хэрэв надад баг байсан бол, хэрэв үнэн ноёлж байсан бол би ихийг бүтээх байлаа… (Дарга нар яагаад багаа бүрдүүлдгийг яс махандаа тултал ойлгосон) Юм нэгээр дуусахгүй. Үүнээс ч илүүг санаснаараа бүтээх өдөр ирэх байх аа!”
хэмээн төрийн албаны шударга бус байдал, идээ бээр доод, дунд шатны хурган дарга нарын худал хуурмаг, бусармаг байдал, ажил хийлгэдэггүй, хор найруулдаг талаар тоймлон бичжээ. Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал гэгчээр төрийн албанд чин сэтгэлээсээ, шударга зарчимч байдлаар ажиллах боломжгүй болсон нь үүнээс харагдана. Түүнчлэн төрийн албаны доод, дунд шатанд ямар их атаа жөтөө, дарамт шахалт, том бүлэглэл байдаг нь илт уншигдаж байна. Тэр 8 сарын турш 11-11 төвийн Олон нийттэй харилцах албаны даргаар ажиллажээ.