Гашуунсухайтыг тосгоны статустай болгож  эдийн засгаа тэлэхээр төлөвлөж байна


“Ноорхой дээл шиг” гэмээр улаан тоосонд дарагдаж, урдах зам ч харагдахгүй нөхцөлтэй Цагаанхад суурьшлын бүс Гашуун сухайт боомтыг хөгжүүлж тосгоны статустай болгох төлөвлөгөөт ажлыг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангажээ. Цагаанхадыг түшиглэж амьдралаа залгуулдаг 20 мянга гаруй хүн бий. Тэдний ихэнх нь тээврийн жолооч нар. Урт удаан хугацаагаар 100 хүртэлх километрээр дугаарлах энэ явцад жолооч нар автомашиндаа амьдардаг гэлцдэг. Өөрөөр хэлбэл автомашиндаа хоол, цайгаа хийнэ, унтана гээд тэдний хоёрдахь гэр. Тэгвэл дайны талбар шиг Цагаан хад суурьшлын бүс Гашуунсухайт боомтыг өргөжүүлж хөгжүүлснээр жолооч нарын хөдөлмөрийн нөхцөл сайжрах нь. Тус хэсэгт Онцгой байдлын анги байгуулах цаашлаад, төрийн үйлчилгээг ойртуулах арга хэмжээг авч ажиллахаар төлөвлөжээ.

Цагаанхад-Гашуунсухайт хүртэлх автозамын энд онд ашиглалтад оруулахыг үүрэгдэв

Цагаанхад-Гашуунсухайт хүртэлх автозамыг  энд онд ашиглалтад оруулахыг үүрэгдэв. 2023 онд Цагаанхад-Гашуунсхуайт хүртэлх автозамд 17 осол гарсан. Он гарсаар 15 осол гарчээ. Зам дагаад хөгжил гэдэг. Гашуунсухайт боомт руу нүүрс тээвэр хийдэг жолооч нарт нэн тэргүүнд тулгамддаг асуудал бол зам. Тэгвэл Цагаанхад-Гашуунсухайт хүртэлх хэд хэдэн замын бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна. Тус ажлууд дууссанаар жолооч нар эрүүл аюулгүй зорчих нөхцөл бүрдэх юм.

“Гашуунсухайт автозам” компаниас дараах автозамуудыг энэ онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

 -Тавантолгой-Ханги чиглэлийн ачаатай болон ачаагүй тээврийн хэрэгсэлд зориулсан 1.5 тэрбумын өртөгтэй 6 км үргэлжлэх автозамын ажлын гүйцэтгэл 61 хувьтай.

 -Цагаанхад-Гашуунсухайт хүртэлх 203 км автозам 1.7 тэрбумын өртөгтэй. Гүйцэтгэл 64 хувь

-Асфальт болон бетон хучилттай 36.5 метр урт, 18-20 тонны хүнд даацын тээврийн хэрэгсэл зорчих боломжтой 57 километр үргэлжлэх 2 тэрбумын өртөгтэй автозамын гүйцэтгэл 28 хувьтай.

– Асфальт болон бетон хучилттай 36.5 метр урт, 18-20 тонны хүнд даацын  тээврийн хэрэгсэл зорчих боломжтой 163 километр үргэлжлэх 2.1 тэрбумын өртөгтэй авто замын ажил 45 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм.

Нүүрс тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх экспортын гарцыг 12 болгон нэмэгдүүлэв

Боомтын хөгжлийг улсын хөгжилтэй уялдуулахаар зорилт тавьсны үндсэнд Гашуунсухайт боомтыг тосгоны статустай болгохоор төлөвлөөд байгаа юм.Ингэхийн тул нэн түрүүнд зам засвар арчлалтын асуудалд түлхүү анхаарч байгаа аж.  Боомтын сэргэлтийн хүрээнд Гашуунсухайт боомтын нэвтрэх хүчин чадлыг сайжруулахаар хэдэн хэдэн бүтээн байгуулалтыг хийсэн.  Гашуунсухайт боомт дахь гаалийн барилга байгууламж, зам талбайг бүрэн шинэчилж, зорчигчийн шалган нэвтрүүлэх 4188м2 цогцолбор барилгыг өргөтгөн шинэчилж, зорчигч ачаа тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх импортын гарцыг 3, экспортын 3 гарцтай, нүүрс тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх экспортын гарцыг 12 болгон нэмэгдүүлжээ.

Мөн ухаалаг гарц, авто пүү, хүнд даацын авто зам, камержуулалт зэрэг ажлуудыг хийжээ. Ингэснээр нүүрс тээвэр хийж буй жолооч нарын нэвтрэх чадвар сайжирч, хүлээгдэл багасаж нүүрс экспортод ч ахиц дэвшил гарах буюу экспорт 3-4 дахин нэмэгдэнэ гэдгийг Монгол Улсын сайд, УИХ-ын гишүүн Б.Тулга онцолсон.

Монгол Улсад 39 боомт байгаагаас 24 боомт нь байнгын үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс БНХАУ-тай 17 боомтоор хиллэдэг байна.

Гашуунсухайт боомтоор,

Эрдэнэс таван толгой компани 24 сая тонн

Энержиресурс ХХК 7,9 сая тонн

Тавантолгой ХК 3,8 сая тонн

 Мөнхноён суварга 50 мянган тонн гээд нийтдээ 35 сая тонн нүүрс экспортлоод байна. Нүүрсний экспорт өмнөх онд 36.6 сая тонн байсан бол энэ онд Гашуунсухайт боомтоор 35.7 сая тонн нүүрс гаргажээ. Гашуунсухайт боомтод AGV буюу автомат удирдлагатай тээврийн хэрэгслээр хоногт 20 машин, 40 чингэлэг нүүрс экспортод гаргаж байна. АGV тээврийг нэвтрүүлж эхэлснээр 3200 гаруй чингэлэг ачааг экспортод гаргаж эхэлсэн юм.

Цаашид Гашуунсухайт боомтын дэргэдэх нэмэлт түр гарцуудыг байгуулж, ухаалаг тээвэр болон жолоочгүй тээврээр хил нэвтрүүлэлт хийхээр төлөвлөн ажиллаж байна. Монголын 30, Хятадын 30 AGV тээврийн хэрэгсэл нүүрс тээвэрлэж байна.

16 жил гацсан төмөр зам ашиглалтад орвол жилд 120-130 тонн нүүрс экспортлох зорилго тавьжээ

16 жил гацсан хил холбосон төмөр замыг ашиглалтад оруулах ажил 2025 онд эхлүүлж 2027 онд бүтээн байгуулалтыг дуусгахаар яригдаж буй. Тэгвэл төмөр зам ашиглалтад орох хүртэл манай улс “Чайна Энержи”-д нийлүүлэх нүүрсний экспортоо 10 орчим сая тонноор нэмэгдүүлэх шаардлага үүсжээ.Үүнийг дагаад нүүрс олборлогч компаниуд ч төлөвлөгөөгөө боловсруулаад эхэлсэн. Нүүрсний экспортын 60 орчим хувийг эзэлдэг Эрдэнэс таван толгой компани гэхэд энэ онд 30 орчим сая тонн нүүрс гаргахаар төлөвлөсөн. Ирэх 2025 онд 35 сая тонн нүүрс экспортлох хоёр дахь төлөвлөгөөг гаргажээ.

Иймд “Чайна Энержи”-д нийлүүлэх нүүрсний экспортыг нэмэгдүүлэхийн тулд шаардлагатай хөрөнгө оруулалтыг УИХ, Засгийн газрын түвшинд хэлэлцэж шийдэх аж. Мөн боомтын тоог нэмж, мөн 24 цагаар ажиллуулах тухай асуудлыг алхам алхмаар шийдэхээр төлөвлөж байна. Улсын орлогын үүд хаалга бодитоор өсөхөд боомтын хөгжил ихээхэн нөлөөтэйг Засгийн газар, УИХ-аас онцлон тэмдэглэж буй.

Төмөр зам ашиглалтад орсноор 2000 гаруй шууд болон шууд бус ажлын байр бий болж, манай улс жилд 120-130 сая тонн нүүрсийг автозам болон төмөр замаар давхар тээвэрлэх боломж бүрдэнэ. Ингэснээр улсын төсөвт төвлөрөх гадаад валют нэмэгдэж, эдийн засагт том дэвшил авч ирэх билээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *