Улсынхаа хөгжлөөс чангаагч нь битгий байгаарай


Улиг болсон үзэл суртал манайд их байна. Тахилгатай, догшин хайрхан байгаа юм ухах нь битгий хэл ширхэг чулууг нь ч хөндөж болохгүй гэж ярих нутаг нутгийн хүмүүс олон бий. Мэдээж уул, ус, байгаль дэлхийгээ хүндэтгэх, хайрлах талаасаа зөв л дөө. Түүнээс биш Монголын уул, ус л ариун бусад нь хамаагүй гэж хэт ондооших нь тэнэглэл. Шаардлагатай бол ухаад, уул уурхай явуулаад ашиглах ёстойгоо ашиглаад л явах ёстой. Мэдээж зөв технологи, зөв системээр. Гэтэл манайд яадаг билээ. Айлаас гал гуйдаггүй гэж цээрлээд байдаг атлаа гадны улсаас эрчим хүч авдаг. Бүр хараат болчихсон. Үүнийгээ хэдүүлээ больё, өөрсдөө галаа өрддөг больё гээд, эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгоё гэхээр ус, мөрнөө ширгээлээ гээд тэмцээд байдаг. Нүүрсээ, газар доорх баялгаа олборлоод, эдийн засгаа эрчимтэй өсгөе гэхээр уулаа ухлаа гээд эсэргүүцдэг. Үгүй ээ, тэгээд яаж хөгжих гээд зүтгээд байна вэ, монголчууд аа. Энэ мэт мухар сүсэг, хэт гүнзгий хүй нэгдлийн ойлголтоосоо бид салах хэрэгтэй. Салж, шинжлэх ухаан, дэлхийн хөгжлөөс суралцаж байж л бид Монгол Улсаа улс шиг хөгжүүлж чадна. Эцэст нь, улс орныхоо хөгжлөөс чангаагч нь битгий байгаарай!

Э.Мөнхтүвшин


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *