Нийслэлийн төсвийн орлогын 85.9 хувийг татварын орлогоор төвлөрүүлэхээр байна


Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус II хуралдаанаар нийслэлийн ирэх оны төсвийг батлах, автотээврийн хэрэгслийн албан татварын хувь хэмжээ, авто зам ашигласны төлбөрийг шинэчлэн батлах, 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, төвлөрсөн хогийн цэгт хог хаягдлыг дарж булшлах тарифыг шинэчлэх гээд эдийн засгийн асуудлыг хэлэлцэнэ.

Хотын дарга Х.Нямбаатар “Нийслэлийн ирэх оны төсөвт гурван их наяд 856.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн. ААН-ийн орлогын албан татвар 200.9 тэрбум, хувь хүний орлогын албан татварыг 251.9 тэрбум, хөрөнгийн албан татварыг 107.7 тэрбум, татварын бус орлогыг 351.1 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдэхээр байна.

Төсвийн төслийн тооцоогоор нийслэлийн төсвийн орлого 85.9% буюу 3.3 их наяд төгрөгийг татварын орлогоор, 14.1% буюу 541.9 тэрбум төгрөгийг татварын бус орлогоор төвлөрүүлнэ.

Нийт зарлагын төсөлд 38.2% буюу 1.3 их наяд төгрөгийг урсгал зардалд, 48.9% буюу 1.7 их наяд төгрөгийг хөрөнгийн зардалд, 2.2% буюу 78.3 тэрбум төгрөгийг дамжуулан зээлийн эргэн төлөлтөд, 9.4% буюу 327.2 тэрбум төгрөгийг үнэт цаасны эргэн төлөлтөд, 0.4% буюу 14.1 тэрбум төгрөгийг алслагдсан гурван дүүргийн санхүүгийн дэмжлэгт олгохоор төлөвлөлөө.

Урсгал зардлын төсвийн төсөлд 827.1 тэрбум төгрөг буюу 61.9%-ийг хотын шуудын урсгал зардалд, 508.5 тэрбум төгрөг буюу 38.1%-ийг есөн дүүргийн урсгал зардал эзэлж байна” гэлээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *