Өнгөрсөн өвөл нийт нутгаар цаг хатуурч, цас дарсны улмаас зудын аюул нүүрлэж, улсын хэмжээнд 7.1 сая мал хорогдсон байдаг. Тэгэхээр энэ жил ч мөн аймгууд зудад нэрвэгдэх магадлалтай учир өвлийн бэлтгэлээ сайтар хангахыг анхааруулж байна. Одоогоор улсын хэмжээнд өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил 86.7 хувьтай байна. Энэ онд 15.4 сая толгой төл хүлээн авч бойжуулж, нийт 189.2 мянган малчин өрхөд 60.2 сая мал өвөлжихөөс 17.7 мянган малчин өрхийн 7.3 сая мал отроор өвөлжиж, хаваржихаар байна. Зудын эрсдэлийн үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин маш их, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд их буюу дунджаас дээш, улсын хэмжээнд зудын нөхцөл байдал дунд түвшинд үнэлэгджээ.