Нийслэл, дүүргийн эмнэлгүүдийн орны хүрэлцээ эрс мууджээ. Эмнэлэг болгонд ханиад, томуу хүрсэн багачууд амны хаалттай өнжинө. Тэд бусдад халдвар тараахгүйн тулд, мөн халдвар авахгүйн тулд дор бүрээ хичээж байна. Зөвхөн сарын өмнө цэцэрлэгийн насны хүүхдүүд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан бол одоо 5-14 хүртэлх насны хүүхдүүдийн өвчлөл эрс нэмэгджээ. Шалтгаан нь ханиад, томуу хүрсэн хүүхдийг сургууль, цэцэрлэгт явуулж, бусад хүүхдэд халдвар тараасантай холбоотой.
Эцэг, эхчүүдийн хувьд 5-аас доош насны хүүхэд ханиад, томуу хүрвэл илүү анхаарч яаралтай эмчид ханддаг бол 6-гаас дээш насныханд халуун бууруулах эм, тан өгөх зэргээр аргацааж хичээл, сургуульд нь явуулдаг тал бий. Тэгвэл энэ нь буруу аж. Ханиад томууны шинж тэмдэг илрэхэд, шууд сургуульд нь явуулахын оронд гэрээр эмчилгээ хийлгэх эсвэл харьяа эмнэлэгт үзүүлэх нь чухал гэдгийг эмч онцоллоо. Ялангуяа томуу, томуу төст өвчний хамгийн их халдвартай үе нь шинж тэмдэг эхэлсэн эхний хоногууд байдаг байна. Тиймээс таны хүүхдэд ханиадны шинж тэмдэг илэрвэл эхний 5 хоногт сургууль,цэцэрлэгт нь явуулах хэрэггүй. Ингэснээр бусад хүүхдэд халдвар тараахаас урьдчилан сэргийлэх аж.
Түүнчлэн томуу, томуу төст өвчин нь вирусийн гаралтай, ханиаж найтаахад тархдаг. Нэг хүн найтаахад, вирус агуулсан 40 мянга гаруй дусал цацагддаг байна. Ийм дусал 7 метр хол зайд халдвар тараах эрсдэлтэй тул амны хаалт зүүх нь энэ төрлийн өвчнөөс өөрийгөө болон бусдыг хамгаалах найдвартай арга юм. Мөн дулаан хувцаслаж, чанартай хоол хүнс хэрэглэж, эрт унтах нь хамгийн чухал.