Өсвөр насны хүүхдүүдийн үерхэл нөхөрлөлийн талаар боловсрол судлаач, хүүхдийн хөгжлийн зөвлөх С.Батхишигтэй ярилцлаа.
————————————————————————-
-Та сэтгэл зүйн ямар чиглэлээр түлхүү ажилладаг вэ?
-Би хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн зөвлөх мэргэжилтэй. Хөгжлийн бэрхшээлийн тухай судлахын тулд хүүхдийн хэвийн хөгжил гэж юу болох, яагаад хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй төрдөг, яагаад олдмол хөгжлийн бэрхшээлтэй болчихдог вэ гэдгийг цогцоор нь суралцдаг юм. Энэ чиглэлээрээ 2017 онд Японд боловсролын мастерийн зэрэг хамгаалсан. Суралцаад ирснээсээ хойш хүүхдийн хэвийн хөгжил ямар байх ёстой, тэдний сэтгэл зүй яагаад өвчилдөг, тэдэнтэй хэрхэн харилцвал зүгээр вэ гэдэг талаар эцэг эх, багш нарт зөвлөгөө өгч ажиллаж байна.
-Хүүхэд насны хайр дурлал, үерхэл нөхөрлөл гэдэг хүний амьдралын хамгийн нандин мөчүүдийн нэг байдаг. Өсвөр насны хүүхдүүдийн үерхэлийн онцлог юу вэ?
-Өсвөр насны хүүхдийн хөгжлийн онцлогоос харвал, энэ нас бол тэдний сэтгэл зүйн хувьд “хувь хүн болох” хамгийн чухал үе нь.
Мөн бие физиологи талаасаа амьдралынх нь хоёр дахь биеийн өөрчлөлт явагддаг бас нэгэн чухал үе.
Биеийн өөрчлөлт хэрхэн явагдахаас сэтгэл санаа гүйцэж хөгжих ёстой. Гэтэл биеийн өөрчлөлт хэт хурдан явагдаж буй хүүхдийн сэтгэл санааны байдал гүйцэж хөгжихдөө удаан болчихдог.
Энэ шалтгааны улмаас үерхэл, нөхөрлөлийн холбоос ганхаж орхидог. Үүнийг Данийн сэтгэл судлаач Эрик Эриксон “Бие хүн хувь хүнээ бүтээх явцдаа ганхана” гэж хэлсэн байдаг. Тиймээс л энэ насанд нь хүүхдүүдэд нөхөрлөлийн маш хурц хурц үзэгдлүүд гарч, сэтгэл санааны хямралтай цаг мөчүүдийг даван туулдаг. Өөрөөр хэлбэл, нөхөрлөлд маш эмзэг болдог үе. Бид бүгдээрээ энэ үеийг туулсан. Үерхэл, нөхөрлөлөө ийм хэмжээнд барь гэдэггүй. Харин даван туулахад нь хэрхэн туслах вэ гэж томчууд ярих хэрэгтэй.
1980 оны нийгмийн байдал, 2024 оны байдал асар өөр учраас энэ цаг үед нь тохирсон тусламж л чухал. Жишээлбэл, тэднийг ойлгодог, хүлээн зөвшөөрдөг том хүн орчин үед хэрэгтэй байна. Харамсалтай нь, эцэг эхчүүд хүүхдээ “Үерхэх яах вэ, хичээлээ л бод” гэх хандлага байгаа нь бидний уламжлалт хүмүүжилтэй холбоотой. Өнөөгийн нийгэмд хүүхдүүд бүгдийг даах чадвартай, биднээс илүү технологи мэддэг, биднээс илүү дэлхийн мэдээлэлтэй болж өсч байгаа учраас үерхэх яах вэ, хичээлээ бод гэж хэлэх нь зохимжгүй. Харин асуудлыг нь анхааралтай сонсож өгөөд, ядаж л “Чамд хэцүү байгааг би ойлгож байна” гэж хэлээд өгчихдөг том хүн хажууд байвал хүүхэд өөрөө сорилт, бэрхшээлийг даван туулна. Багш нь зөвхөн хичээлээ ярьдаг, эцэг эх нь зөвхөн гэр орны ахуйн асуудлаа ярилцдаг, хүүхдэдээ үргэлж “Завгүй” гэж хэлж цааш нь ярих орчин нөхцөлийг бүрдүүлдэггүй бол хүүхэд ээж, аавтайгаа өөртөө тулгарч байгаа асуудлаа ярилцдаггүй. Хүүхдийнх нь шаналал хүндэрсэн үед л анзаарцгааж эхэлдэг. Энэ үед оройтсон байх тохиолдол бий.
-Өсвөр насны хүүхдүүд хүнтэй үерхэж, дотносохдоо юуг анхаарах ёстой байдаг юм бол. Хүнтэй үерхэж байгаа энэ насны хүүхдийн сэтгэл зүй ямар байдаг вэ?
-Маш их шанална, сэтгэл зүйн хувьд ганхана. Эцэг эх нь хүүхдээ сонсдог айлын хүүхэд гэр бүлийнхэндээ бүхнээ хуваалцаад явдаг. Энэ үед хэрхэн тунг нь тааруулахаа хайр дүүрэн гэр бүл байгалиасаа мэддэг. Үүнийг ч хүүхэд нь хүлээн зөвшөөрдөг. Өөрөөр хэлбэл, үгэнд нь ордог гэсэн үг. Хоорондын итгэлцэлээ алдсан гэр бүлийн хүүхдүүд хэлэх хүнгүй, хэлбэл загнана, хэллээ ч намайг ямар ойлгох биш зэрэг харилцааг хоорондын итгэлцэлээ алдсан гэр бүл гэж хэлнэ.
-Орчин үед хүмүүс хоорондын харилцаанд цахим ертөнц маш их нөлөөлж байна шүү дээ. Ялангуяа өсвөр насны хүүхдүүд болох 16-17 насны хоёр хүүхэд тутмын нэг нь цахимаар танилцсан хүнтэйгээ уулздаг гэсэн судалгаа гарсан байна лээ. Цахимын ард хэн ч байж болно. Энэ талаар таны бодол…?
-Орчин үеийн нийгмийн байдал ийм учраас цаг үеэ дагаж интернэтээр л танилцана. Бид хуучин цагийн зарим зүйлсийг мартах хэрэгтэй. Ийм үед яах вэ гэдэгт томчууд бид шинэ тутамд суралцах ёстой юм шүү. Интэрнэтээр танилцаад уулзаж, найзалж байгаа нь буруу зүйл биш. Итгэлцэлийн харилцаа сайтай гэр бүлийн хүүхэд интернэтээр танилцсан найзыгаа таалагдсан таалагдаагүй, айсан айгаагүй гэдгээ хэлээд явна. Харин эцэг эхчүүд үүнийг нь сонсох орчин бүрдүүлж өгөх хэрэгтэй. Сургуулиудын сэтгэл зүйчидтэй уулзаад, хэдэн хүүхэдтэй уулзаж, юу хийсэн тухай нь асуухаар өөдөөс хэдэн анкет л үзүүлдэг.
Сургуулиуд сэтгэл зүйчтэй болсон нь сайн хэрэг. Гэхдээ тэд хэзээд хүүхдийг сонсох итгэмжит орчин бүрдүүлж өгсөн үү, итгэлтэй эгч, ах нь болж чадсан уу гэдгээ өөрсдөө нэг харах хэрэгтэй. Юу хийхээ мэдэхгүй залуухан охид их орсон байна лээ шүү.
-Хүмүүс хоорондоо биечлэн уулзаж, танилцах боломж хумигд чихав уу даа гэж бодож бай на. Цахимаар танилцаж, цааш лаад үерхэх нь хэр хортой вэ?
-Цаад талд нь дандаа л муу хүн байгаа гэж хүүхдийг өсгөдөггүй шүү.
-Цаг их цөвүүн болсон. Тиймээс эцэг, эхчүүд өсвөр насны хүүхдүүдээ хүнтэй үерхэхийг нь хориглоод байдаг юм шиг санагддаг. Ялангуяа эмэгтэй хүүхдээ. Охид ээждээ, хөвгүүд аавдаа өөрт нь тулгараад байгаа асуудлыг ярилцах нь түгээмэл байдаг шүү дээ. Энэ насны хүүхэдтэй эцэг, эхчүүдэд хандаж та юу хэлэх вэ?
-Хуучны үзэл бодолтой зарим эцэг, эхчүүд хүүхдэдээ хэт хатуу чанга хандаж, хайрцаглаж, хаашаа явах, хэнтэй юу хийхийг нь зааж, тэднийг захирч, тушааж, загнаж, орилж хашгирсан харилцаанд байвал хүүхэд асуудлаа даван туулахдаа маш их хүч энерги зарцуулдаг. Өөрөөр хэлбэл, сэтгэл зүйн хувьд өвчилнө. Эцэг эхүүд хүүхдүүдээ үерхэл, нөхөрлөлөө, өөр сургуулийн хүүхдүүдтэй танилцлаа гэхэд битгий цочирдоорой. Хэзээд нууцаа хэлэхэд нь загнахгүй, нүдээ том болгохгүй, захиран тушаахгүй тайван сонсвол таны зөвлөгөөг сонсоно шүү. Хүүхдийн гэнэтийн сэтгэл гутрал гэж байдаггүй, их удаан урхагшсан байдаг юм шүү. Тэгтэл нь тэднийг минь хэн ч сонсож ойлгоогүй удаасан байсантай холбоотой асуудлууд үүсдэг юм шүү. Өсвөр насны хүүхдийн хүсэл тэмүүллийг нь тас цохих, гутаан доромжлох, шоолох том хүн битгий байгаарай гэж томчуудаасаа гуйж байна. Нэг хүүхэд надад “Аав намайг олимпиадад орохыг багаас минь шахдаг байсан. Тэгээд би нэг удаа олимпиадад дөрөвдүгээр байранд орчихсон чинь аав маш их загнаад, чамайг ингэж муу байлгах гэж үнэтэй сургуульд сургаагүй гээд над руу орилсон. Түүнээс хойш би маш их хүч чадалгүй болсон. Бүх юманд дургүй хүрдэг болсон. Найз охинтойгоо ч сайн харилцаанд байж чадаагүй. Одоо би дөнгөж хорин настай хэдий ч маш их шантарч байна. Аавын надад тавьдаг мундаг сургуульд орох ёстой гэсэн шаардлагад нь би хүрэхгүй байх вий гэхээс айдаг. Надад үнэхээр хэцүү байна” гэж ярьж билээ. Сэтгэл зүйчид зөвлөгөө авсан хүмүүсийнхээ тухай огт олон нийтэд ярьж болдоггүй юм. Энэ кэйсийн тухайд би онцгойлон өөрөөс нь зөвшөөрөл авснаа хэлэх нь зүйтэй байх.
-Хүүхэд нь болж бүтэхгүй хүнтэй үерхэж байгааг эцэг, эхчүүд мэдвэл хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ. Энэ нь цаашилбал бие махбодын болон сэтгэл зүйн хүчирхийлэлд өртөж магадгүй шүү дээ. Хүүхдийнхээ хамгийн итгэлт хүн нь болох л хамгийн чухал юм шиг ээ?
-Сурган хүмүүжүүлэгч хүн амнаасаа болж бүтэхгүй хүүхэд гэдэг үг гаргадаггүй. Хүүхэд ямар нэгэн байдлаар хайр дутуу өссөнөөс, эсвэл хайрыг буруу аргаар хэтрүүлснээс үүдэж нийгмийн эсрэг үйлдэл хийчихдэг тохиолдол бий. Тэдэнд бүх хүний тусламж хэрэгтэй шүү. Манай хүүхэд л сайныг нь сонгоод найзалчихвал муу хүүхдүүдтэй нь хажуугийн айлын хүүхэд үерхэх юм уу гээд бодохоор хүүхдийн асуудалтай зан үйл бол зөвхөн хажууд нь байсан гэр бүлийнхэн, зааж байсан багш нартай холбоотой байдаг шүү.
Саяхан би харамсалтай нэг кэйс сонслоо. Нэг хүү найзуудтайгаа дэлгүүрээс бохь бичүүлэлгүй авч гарсан байна. Найзууд нь дэлгүүрээс банкны карт олсноо ашиглаж чадалгүй түүнд өгчихөж. Тэр картаа хэнд өгөх ухаанаа ололгүй байх үед нь картны хулгайчийг камер шүүгээд олчихож. Энэ үеэр хүүгийн бохь авч байгаа нь камерт бичигдсэн байсныг хараад сургуульд мэдэгдсэнээр сургууль нь хүүг хулгайч гэж зарласан байна. Зарлахдаа эгчийг нь дуудаад “Дүү чинь хулгайч болсон байна” гэж хэлжээ. Түүгээр ч зогссонгүй цагдаад шилжүүлж, байцаалгасан байна. Тэр хүү охин хоёр аав, ээжийгээ алдаад удаагүй юм байна. Энэ бол багш нар нь өсвөр насны хүүхдийн сэтгэл зүй, зан үйлийн онцлогийг огтхон ч мэддэггүйгээс үүдсэн дэндүү хариуцлагагүй үйлдэл юм. Тэр охин, хүү хоёр үүнээс ямар шарх авахыг, тэр шарх нь удаан эдгэрнэ гэдгийг багш нар нь огтхон ч мэдэхгүй байгаагийн тодорхой жишээ юм. Өсвөр насны хүүхдүүдийг ойлгодог, сонсдог орчныг сургуулийн зүгээс заавал гаргаж өгч байхыг хүсье. Тэдний гадаад үзэмжид халдсан үг хэллэг хэзээ ч хэрэглэж болохгүй. Ялангуяа багш нар үүнийгээ хаяхгүй байна. Хүүхдүүд бие физиологийн хувьд маш их ядардаг үе нь тул, оюуны ажил хийсэн цагтай дүйцэхүйц цагаар амрахыг зөвшөөрч байя. Би маш хариуцлагатай хэлье. Өсвөр насны хүүхдэд хүний юмыг хэлэхгүй авах, дэлгүүрээс жижиг сажиг юм авах, ээж аавынхаа түрийвчнээс мөнгө сугалах үзэгдэл илэрнэ. Хүүхэд үүнийгээ хулгай хийж байгаа гэж мэддэггүй. Сэтгэл зүйн гэмтэлтэй холбоотойгоор энэ үйлдлийг хийж орхидог. Хүүхэд насандаа (0-6), (7-11) хайрын эмгэг туссан байх магадлалтай хүүхэд иймэрхүү байдлаар хулгайлах үйлдэл хийчихдэг.
Олон улсад өсвөр насны хүүхдийн хулгайг гэмт хэрэг гэж үзэхээ больсон. Өөрөөр хэлбэл, шийтгэл оноодоггүй. Тухайн хүүхэд хайрын эмгэгтэй байж гэдгийг сэтгэл зүйчид ажиллаж тогтоодог. Ингэснээр сэтгэл засалчид засал хийдэг. Эсвэл цагдаад байцаагдах дээрээ тулбал заавал сэтгэл зүйчдийн зөвлөгөөн дор, хяналтан дор зохион байгуулдаг. Тэгэхээр бидний хувьд “Болж бүтэхгүй муу хүүхэдтэй бүү нийл” гэдэг зөвлөмж байхгүй юм. Тэдэнд бас хайр дутагдаж байна.
Ө.Анхзаяа