Монголын хамгийн том холбоо болох Монголын морин спорт, уяачдын холбоо наймдугаар их хурлаа хийж, шинэ ерөнхийлөгчөө сонголоо. Монголын морин спорт, уяачдын холбооны ерөнхийлөгчид Тод манлай уяач Д.Дагвадорж, П.Энхмөнх, манлай уяач Б.Нямжав нар нэрээ дэвшүүлсэн. Улмаар тод манлай уяач П.Энхмөнх нэрээ татсанаар төлөөлөгч нар хоёр хүнд саналаа өгсөн.
ММСУХ-ны наймдугаар их хуралд 550 төлөөлөгч оролцсоноос 485 нь санал хураалтад оролцож хамгийн олон буюу 318 төлөөлөгчийн саналаар Д.Дагвадорж ММСУХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдов.Ингэснээр ирэх дөрвөн жилд ММСУХ-г барилгын инженер мэргэжилтэй хүн удирдахаар болж байна. Тэрбээр Завхан аймгийн Яруу сумын уугуул, Монгол Улсын тод манлай уяач, “Даян” бөхийн дэвжээний тэргүүн юм.
Харин манлай уяач Б.Нямжав 167 төлөөлөгчийн санал авчээ. Уяачдын холбооны ерөнхийлөгчийн төлөө нэр дэвшигч тус бүр 150 сая төгрөгийн дэнчин тавьсан аж.