Нүүрэндээ гэрэл цацруулан инээмсэглэсээр тэргэнцэртэй охиноо түрэн алхах түүнийг Ч.Батсайхан гэдэг. Ч.Батсайхан өдөр нь охиныгоо хичээлд нь хүргэж, шөнө нь таксинд явж шатахуун болон өдрийн хоолныхоо мөнгөө залгуулдаг. Ингээд өглөө гэрийнхээ гаднаас охиныгоо үүрч машинд суулгаж,тэргэнцрийг нь ачиж сургуулийн зүг хөдлөхөөс тэдний нэг өдөр эхэлнэ. Цэцэрлэгт байхаас нь охиныгоо зөөж их сургуулийн босго алхуулсан Ч.Батсайхан 60 настай. Тэр таван охинтой бөгөөд Б.Маралмаа айлын бага.
Ч.Батсайхан хүүхдүүдийнхээ сурч боловсрох тал дээр шаргуу анхаардаг бол түүний гэргий ар гэрийнхээ асуудлыг бат зохицуулдаг гэх. Тэд бол амьдралын мөн чанар, утга учрыг тод томруун харуулсан Монголын нэгэн сайхан гэр бүл. Хүсэл мөрөөдлийнхөө төлөө хичээл зүтгэл гаргахад амжилт өөрөө ирдгийг Б.Маралмаа охиноос харж болох юм.
Ч.Батсайхан өглөө охиныгоо хичээлд нь хүргэхээр гарч МУИС-д ирнэ. Ингээд машиныхаа араас бор тавцантай тэргэнцрээ гаргаж охиныгоо суулгасаар инээмсэглэн МУИС-ийн номын сангаар зочлоно. Тэднийг харсан хүн бүр мэндчилж, тусалж, хаалга нээж угтах аж. Ч.Батсайханы хувьд охинтойгоо номын санд суухдаа Японы түүх соёл, өв уламжлалтай холбоотой номуудыг уншиж ярилцдаг байна.
Ч.Батсайхан: Охиныхоо төлөө өдөрт 3000 төгрөг хуримтлуулж байна
Их сургуульд орсон охиноо урамшуулахаар аав нь өдөр бүр 3000 төгрөг хуримтлуулснаар нөүтбүүк авах хэмжээний мөнгө болжээ. Удахгүй Б.Маралмаа охины төрсөн өдөр болох бөгөөд энэ үед нь нөүтбүүк бэлэглэхээр төлөвлөжээ. Аав, ээж, эгч нар нь түүнийг хөгжлийн бэрхшээлтэй гэж хардаггүй. Учир нь тэр яг л бусдын адил ажиллаж амьдрахыг хүсдэг. Тиймдээ ч тэр өөр өөртөө итгэл, урам зоригийг өгч өдийг хүрчээ. Түүний аав цэцэрлэгт байх үеэс нь үргэлж хүргэж өгч авдаг. Тэр ч байтугай микроны жолоочоор ажилладаг байхдаа хамт шугамд авч явдаг. Орбитоос 13-р хороолол хүртэл хичээлд хүргэж өгдөг гээд энэ бүгдийг нь огт бэрхшээл гэж бодож байгаагүй. Б.Маралмаа аавтайгаа мөч бүрийг хамт өнгөрүүлж энгэрийн зүүлт мэт амин охин нь байсаар иржээ. Ингээд 20 жилийн дараа охин нь их сургуулийн босго алхсанд аав нь хөл нь газар хүрэхгүй бараг л өөрөө оюутан болчихсон мэт хөөрцөглөсөн гэдэг. Магадгүй амьдралынх нь хамгийн аз жаргалтай, магнай тэнийсэн өдөр байсан гэх. Энэ цагаас эхлэн охиныхоо төлөө урьд урьдынхаас илүү хичээх ёстойг тэр ухаарчээ.
Сургуулийн хаалгаар ормогц хүн бүр тэднийг хүндэтгэж хайр, халамжийг илүү их мэдэрч цаашлаад хэн нэгэнд “Би яагаад чадахгүй гэж” хэмээн бодогдуулж, улам бүр өөрийгөө хурцлах шалтгаан болж өгдөг байна. Сурч, хөгжиж, амжилт гаргахад хичээл зүтгэл юунаас илүү чухал гэдгийг Б.Маралмаа охин харуулж буй. Түүнд олдсон боломжийг тэр гялалзтал өнгөлөхийг зорьсоор. Тэр их сургуульд Япон хэлний орчуулагчаар сурч төгсөөд үргэлжлүүлэн аав, ээжийгээ авч Японд очиж магистраар суралцана гэнэ. Аав байхгүй бол өнөөдрийн амжилт үгүй байх байсан аавыгаа харахаар баярлалаа гэдэг үг багадах юм шиг санагддаг гэлээ. Аав охин хоёрын хүсэл тэмүүлэл олон хүнд үлгэр жишээ урам зоригийг хайрладаг гэх. Ч.Батсайхан “Боломжтой бол охин шигээ сурах хүсэл тэмүүлэлтэй хүүхдүүдийг бүгдийг нь хүргэж өгдөг болохсон” хэмээн ярина.