Өчигдөр өнгөрсөн улирлын аварга “Хасын Хүлэгүүд” ОУХМ Т.Санчираар ахлуулсан “Налайх Бизон” багууд учраа таарлаа. Хоёр багийн тоглолтыг сагсан бөмбөг сонирхогчид их хүлээсэн. Налайх Бизон “Хүлэгүүд”-ийн хожлын цувралыг зогсоож чадах байх гэж найдсан. Учир нь тэд Кайри Уокер, Жастин Мосс, П.Болортулга нарын туршлагатай, чадварлаг тоглогчдыг эгнээндээ нэгтгэсэн. Гэвч тэд аваргуудын хожлыг зогсоож чадсангүй.
Хоёр багийн тоглолтын хоёрдугаар үе 40:34 харьцаагаар “Хүлэгүүд”-ийн давамгайллаар өндөрлөсөн. Гуравдугаар үед 64:50 аар мөн Хүлэгүүд тэргүүлсэн. Ийн тэд онооны тэргүүллээ хадгалан 74:65 харьцаагаар өрсөлдөгчөө ялж, улирлын 11 дэх хожлоо авлаа. Энэ тоглолтод Ч.Ихбаяр 24 оноо авч багаа тэргүүлсэн бол, Э.Түшиг 15 оноо, А.Азбаяр 10 оноо авав. Харин “Налайх Бизон”-оос ОУХМ Т.Санчир, Жастин Мосс нар тус бүр 20 оноо авч багаа тэргүүлэв.
Энэ тоглолтын дараа аваргаа хамгаалагч “Хасын Хүлэгүүд” дараалсан 11 хожилтойгоор лигийн амжилтын хүснэгтийн нэгт жагсаж буй бол “Налайх Бизон” 3 хожил, 5 хожигдолтой наймдугаар байрт эрэмбэтэй болов.



