-Сайн байна уу? Сайхан өвөлжиж байна уу?
-Гайхамшигтай сайхан өвөлжиж байна.(монголоор). Нэрийг тань сонсоод таныг айлын бага юм байна гэж ойлголоо.
-Тийм ээ, та монгол хэлийг хаана ингэж эзэмшсэн юм бэ?
-Монголд ажиллаж байх хугацаанд монгол хэлний багштай байгаагүй, тусгай сургалтад суугаагүй, ихэнхдээ өөрөө сайн сонсож сурч байгаа. Монгол хэлийг сайн мэдэхгүй ч гэлээ монгол соёл, монголчуудын талаар бага зэрэг мэдэж ойлгодог болсон. Монголд их дуртай. Зүрх сэтгэлээрээ бол монгол хүн гэх үү дээ. (монголоор)
-Бид НҮБ-ыг Дэлхийн Засгийн газар гэж ойлгодог. Тэгэхээр таныг Дэлхийн засгийн газрын төлөөлөгч гэж хэлж болох уу?
-НҮБ бол 193 гишүүн оронтой дэлхийн хамгийн том бөгөөд цорын ганц олон талт байгууллага юм. Монгол Улс энэ байгууллагад 1961 оны аравдугаар сарын 27нд гишүүнээр элсэн орсон түүхтэй. Би НҮБ-ыг дэлхийн засгийн газар гэж хэлж чадахгүй. Гэхдээ дэлхий дахины ямарваа нэгэн асуудал дээр улс орнуудын Засгийн газруудыг нэгтгэж хамтдаа асуудлыг шийдвэрлэж ажилладаг. НҮБ бол дэлхийн засаг лалыг нэгтгэх, нэгдсэн арга барилыг бий болгох хамгийн үнэ цэнтэй, олон талт байгууллага.
-Та Монгол Улсад таван жил гаруй ажиллаж, төр засгийн байгууллага, олон нийттэй нягт хамтран ажиллаж ирсэн. Янз бүрийн арга хамжээнүүдэд байнга, хамгийн идэвхтэй оролцдог дипломатч гэдгийг бид мэднэ. Та өөрийнхөө талаар товч танилцуулна уу?
-Би НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тушаалаар 2019 оны есдүгээр сараас эхлэн Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн албыг хашиж байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг төлөөлж Монгол дахь удирдлагын багийг ахлан дуу хоолой нь болж ажиллах миний үүрэг. 2019 оноос өмнө НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч нь суурин зохицуулагчийнхаа үүргийг давхар биелүүлдэг байсан. 2019 оноос НҮБын суурин зохицуулагчийн албан тушаалыг тусад нь бий болгосон. Тэгэхээр би Монгол Улсад төлөөлсөн бие даасан, анхны суурин зохицуулагч гэж явдаг. Энэ албан тушаалд томилогдохоос өмнө 20152019 онд БНАСАУ-д НҮБ-ын Суурин зохицуулагчаар 4 жил 3 сарын хугацаанд, түүнээс өмнө НҮБ-ын Нью-Йорк дахь салбарт хүний нөөцийн албанд сургалт, хөгжүүлэлт хариуцсан мэргэжилтнээр, нийтдээ 22 жил НҮБ-д ажилласан байна. Үүнээс сүүлийн 10 жилд нь суурин зохицуулагчаар ажиллажээ. Би Энэтхэгийн Жамшедпурын нэрэмжит Бизнесийн сургуулийг менежментийн чиглэлээр төгссөн, дараа нь Энэтхэгт хувийн болон төрийн байгууллагуудад ажиллаж байлаа. Ажлын гараагаа 1984 онд Бхарат Петролиум Корпорац (хуучин Бирма Шелл компани)-д хүний нөөцийн мэргэжилтнээр эхлүүлсэн. Тэгээд Мумбайн их сургууль, Колумбын их сургууль, Олон улсын болон олон нийттэй харилцах сургууль зэрэг Энэтхэгийн тэргүүлэгч сургуулиудад “хүний нөөцийн менежмент”ийн чиглэлээр хичээл зааж, эрдэм шинжилгээний салбарт идэвхтэй зүтгэсэн. Мөн Энэтхэгийн Хойд бүсийн аж үйлдвэрийн харилцааны даргаар, дараа нь Мумбай дахь Бүх Энэтхэгийн сургалтын менежер, эцэст нь Байгууллагын сургалт, өөрчлөлтийн менежментийн дотоод дасгалжуулагч болж Infosys Leadership Institute-д багшаар, Гургаон дахь Grow Talent Co. Ltd-д дэд ерөнхийлөгчөөр (зөвлөх) ажилласан юм.
Би зүрх сэтгэлээрээ Монгол хүн. Таван жилийн хугацаанд монгол орны бүх аймагт очиж ажилласан
Ингээд анх 2003 онд НҮБ-д орж, эхлээд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн сургалтын зөвлөх, Удирдлагын товчооны Хүний нөөцийн газрын Сургалтын нөөцийн төвийн дэд даргаар ажиллаж байгаад ГХУСАЗСЗийн захирал, ахлагч болсон. 2007-2013 онуудад захирал, Бизнесийн шийдлүүдийн ахлах зөвлөх томилогдон Хүний хөгжлийн тайлангийн газар, Бодлого, хөтөлбөрийг дэмжих товчоо зэрэгт ажилласан.
-Монгол дахь НҮБ-ын суурин зохицуулагчийн газрыг танилцуулна уу. Гэхдээ эхлээд түүхээс нь товч хэлж өгнө үү. Миний мэдэхээр, суурин төлөөлөгчөөр хэд хэдэн удаа Энэтхэг хүмүүс ажиллаж байсныг санадаг.
-1977 оноос НҮБаас улс орнуудад суурин зохицуулагчийн газар гэдэг нэгжийг нэвтрүүлсэн. Үүнээс өмнө НҮБ-ын агентлагууд үйл ажиллагаагаа тус тусдаа явуулдаг байсан бөгөөд НҮБын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч нь суурин зохицуулагчийн ажлыг хийж гүйцэтгэж байсан. Ингээд 2019 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейгээс НҮБ агентлагуудын үйл ажиллагааны хооронд илүү уялдаа холбоотой зохион байгуулалт зохицуулалтыг бэхжүүлье гэсэн үүднээс суурин зохицуулагчийн газрыг санаачилж, эхлүүлсэн байдаг. Бид Монгол Улсын урт хугацааны зорилго болох “Алсын хараа 2050” хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө тогтвортой хөгжлийн зорилгуудыг биелүүлэхэд чиглэсэн таван жилийн стратеги буюу “НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтыг хангах хамтын ажиллагааны хүрээ” гэсэн баримт бичгийг баталсан. Энэхүү стратегид Засгийн газар болон НҮБ-ын 24 агентлаг гарын үсэг зурж түүнийг хэрэгжүүлэх, хөгжлийн төлөвлөлтөд хувь нэмрээ оруулах үүрэг амлалт өгсөн. Энэ бол Монгол Улстай байгуулсан анхны баримт бичиг юм. 2023-2027 онд хэрэгжүүлэх энэхүү хамтын ажиллагааны хүрээнд бид дөрвөн үр дүнгийн зорилт бүхий гурван стратегийн тэргүүлэх чиглэл дэвшүүлсэн. Эхнийх нь хүний хөгжил болон хүмүүсийн сайн сайхан байдал юм. Үүнд эрүүл мэнд, боловсрол, ундны ус, ариун цэврийн байгууламж, эрүүл ахуй, хүнсний баталгаат байдал, нийгмийн хамгаалал болон хүмүүсийн амьдралыг сайжруулахад туслах бүх үйлчилгээ багтана.
Харин хоёр дахь тэргүүлэх зорилго нь эдийн засаг ба байгаль орчин гэсэн хоёр талт зорилго бөгөөд байгаль орчинд ээлтэй эдийн засаг, эдийн засагт ээлтэй байгаль орчин гэсэн зарчмыг баримтлан хэрэгжүүлнэ. Бид үүнийг ногоон, хүртээмжтэй, тогтвортой өсөлт гэж нэрлэж байгаа юм. Үүгээрээ бид байгаль орчин болон эдийн засгийг ногоон хөгжил, ногоон өсөлтөд чиглүүлэн нэгтгэх шинэ хэмжээсийг бүтээхээр оролдож байна. Стратегийн гурав дахь тэргүүлэх зорилго болон үр дүнгийн дөрөв дэх зорилт нь хүн төвтэй засаглал, эрх зүйт ёс, хүний эрхэд чиглэж байна. Учир нь хүртээмжтэй хөгжил нь бүрэн утгаараа хүний хөгжилд суурилах учиртай ард иргэдийн эрхийг бүрэн хамгаалж, хүндэтгэж, хангуулж, улмаар хүртээмжтэй бөгөөд тогтвортой хөгжлийг бий болгох боломжтой юм.
-Сүүлийн үед дэлхий даяар НҮБ-ыг шүүмжлэх явдал их болсон байна. Улс хоорондын зөрчил, дайн байлдааны асуудал дээр улс орнууд, тэр дундаа том гүрнүүд НҮБ-ын үгийг сонсохгүй, тэр ч бүү хэл хоорондоо зөрчилдөж шийдвэрлэж чадахгүй байна. Тэгэхээр НҮБ-ын үүрэг буурч байна гэж хэлж болох уу?
-Дэлхийн хоёр дайны дараа 1945 онд хүний эрх хөгжил дэвшил энх тайвны тогтвортой байдлыг хангах зорилгоор НҮБ байгуулагдсан. 1950-иад оны эхээр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн бүтэц бий болсон. Тухайн үед 51 орон л гишүүнээр элсээд байсан бол одоо 193 орон НҮБ-д нэгдсэн байна. Энэ хугацаанд дэлхий ертөнц маш их өөрчлөгдлөө. Гэтэл НҮБ-ын бүтэц өөрчлөгдөөгүй байна. НҮБ зөвлөх үүргийг гүйцэтгэдэг. Шийдвэр гаргагчид нь НҮБ-ын гишүүн орнууд. НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл дэлхийн засаглал энх тайван аюулгүй байдлыг хангах чиглэлээр шийдвэр гарган ажиллах ёстой. Энэ зөвлөлийн байнгын таван гишүүн улс болох Орос, Хятад, АНУ, Их британи, Франц гол шийдвэр гаргадаг. НҮБ-ын зүгээс байр сууриа маш хүчтэй илэрхийлж арга хэмжээ авч байгаа боловч шийдвэр гаргах улсууд дорвитой зохих шийдвэр гаргахгүй байна. НҮБ-ын бүтэц өөрчлөгдөөгүйгээс энэ асуудлууд үүсч байна гэж хэлж болох юм.
Энэ жил дэлхий дахины ирээдүйн асуудлаарх дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулсан. Энэ хүрээнд НҮБын зүгээс, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга байр сууриа эрс шийдэмгийгээр илэрхийлсэн. Асуудлыг шийдэх гүй байгаагийн шалтгаан улс орнуудад байна. НҮБ-ын бүтэц өөрчлөгдөөгүй хэвээрээ. Тиймээс НҮБ-ыг шүүмжлэх нь зохимжтой гэж бодохгүй байна.
-Их долоо, Шанхайн хам тын ажиллагааны байгууллага гээд бүс нутгийн буюу улс орнууд бүлэглэсэн шинжтэй бүтцүүд чухал үүрэгтэй болж байна. Үүнийг НҮБ юу гэж үздэг вэ?
-НҮБ-ын зүгээс Их долоо, Их хорь гэх мэт бүс нутгийн шинжтэй байгууллагууд бий болж байгаад баяртай байдаг. Тэд өөрсдөдөө хамааралтай чухал асуудлуудыг хэлэлцдэг, санал дэвшүүлдэг, шийдвэрлэдэг учраас НҮБ дэмждэг. Тиймээс энэ байгууллагууд НҮБ-ын хүчийг сулруулж байна гэж үзэхгүй байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар дамжуулаад, гишүүн орнуудын уулзалтын үеэр уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал зэрэг асуудлуудыг хэлэлцээд дээр нь нөлөөллийн ажлуудыг хийдэг. Харин шийдвэрийг гишүүн орнууд ихэвчлэн хийдэг бөгөөд үүнд тустай, хувь нэмрээ оруулж байгаа учраас сайшаадаг. Энэ байгууллагууд НҮБ-тай байнгын харилцаа холбоотой ажилладаг.
-НҮБ-аас Монгол Улсад явуулдаг үйл ажилллагаа, хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн мэдээлэл танай сайт дээр байна. Та эдгээрээс юуг онцолж хэлэх вэ?
-НҮБ-ын сайтад бүх төслийн мэдээлэл байхгүй. НҮБ-ын зүгээс илүү үр дүнтэй, илүү ил тод байхыг эрмэлздэг учраас uninfo.org. сайт дээр бүх мэдээллийг нээлттэй байршуулсан. НҮБ зөвхөн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээс гадна гол бодлогын өөрчлөлтүүдийг хийх тал дээр маш их анхаардаг. Тухайн төслүүдийг хэрэгжүүлж, өргөжүүлж, түгээн дэлгэрүүлэх нь мэдээж Засгийн газруудын үүрэг. НҮБ Засгийн газрыг орлоно гэсэн ойлголт байхгүй учраас Засгийн газарт техникийн чиглэл өгч, дэлхийн хэмжээний сайн туршлагуудыг нэвтрүүлж, Монголын ард түмэнд өгөөжтэй санаачилгуудыг нэвтрүүлдэг. Засгийн газар эдгээр санаачлагыг хэрэгжүүлж, дэмжлэг үзүүлж ажилладаг.
Вэб сайтад Монголд хэрэгжүүлж буй үйл ажиллагааны тайлан жил бүр тавигддаг. Жишээ нь, 2023 оны байдлаар 51,5 сая долларын санхүүжилттай, 158 төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлсэн байна. Өнгөрсөн таван жилийн хугацаанд Монголд гурван удаагийн зуд болсныг бид мэднэ. Өнгөрсөн зуднаар 8.1 сая мал сүрэг хорогдсон байна. Миний зүгээс Монгол Улсын Засгийн газартай хамтраад хүмүүнлэгийн дэмжлэгийг ахалж ирсэн. Энэ хүрээнд урьдчилан сэргийлэх, зудын үед авах арга хэмжээ зэргийг төлөвлөж, мятрашгүй бат бэх байдал буюу зудыг даван туулах чадавхийг бэхжүүлэх тал дээр үйл ажиллагааг санаачилж, хэрэгжүүллээ. Ингэхдээ Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газар болон бусад оролцогч талуудтай нөөцөө нэгтгэх байдлаар нэгдсэн төлөвлөлттэй ажилласан. Нийт 13,7 сая долларын арга хэмжээ хэрэгжүүлэх зорилго тавьснаас 10,2 сая долларын санхүүжилтийг зудын үеийн дэмжлэг болгож цуглуулж чадсан. Харин одоо зудаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулахад анхаарлаа хандуулж, өргөн хүрээнд авч хэрэгжүүлж байна.
-НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилго 2030 он хүртэл хүн төрөлхтний өмнө тулгарч байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд чиг баримжаа, алсын хараа болж өгөх учиртай. Энэ зорилгууд дэлхий нийтэд хэр хэрэгжиж байгаа вэ? Ямар саад бэрхшээл тулгарч байна вэ?
-Дэлхийн хэмжээнд тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилт 15 хувьтай байна. Сүүлийн гурав дөрвөн жилийн хугацаанд Монгол Улсын хувьд ЭЗХЯ, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг хангах тайлагналыг хариуцаж ажиллаж байна. Монгол Улс тогтвортой хөгжлийн дөрвөн зорилтыг сайн хэрэгжүүлж байгаа. Олон зорилтуудыг сайжруулах шаардлагатай. Харин “ядуурлыг бууруулах” зорилтод ухралт гарсан. Үүний учир шалтгаанд нь дүн шинжилгээ хийж 2023 оны тайлангийн хүрээнд “Тогтвортой бүсчилсэн хөгжлийг хэрэгжүүлэх ёстой” гэсэн зөвлөмж хүргүүлсэн. Монголын Засгийн газар үүнийг нухацтай хүлээн авч, үйл ажиллагааны төлөвлөгөөндөө бүсчилсэн хөгжлийн төлөвлөгөөг оруулсан. Өнгөрсөн жил Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд дээд хэмжээний уулзалт болж Монгол Улсын хувьд 12 төрлийн хурдасгагч хүчин зүйлийг тодорхойлсон.
Энэ жил Засгийн газартай хамтарч тогтвортой санхүүжилтийг бэхжүүлэх, шинжлэх ухаан, технологи, инноваци нэвтрүүүлэх, цахим шилжилт хөгжлийг бий болгох мөн тогтвортой хөгжлийг бий болгоход залуучуудын оролцоог бэхжүүлэх зэрэг тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлоод ажиллаж байна.
Таван жил ажиллах хугацаанд Монгол орныг илүү сайн ойлгохын тулд бүх аймагт очиж ажилласан. Олон сум, баг төдийгүй отроор нүүдэллэж буй малчид Хөвсгөлийн баруун тайгад очиж цаатан иргэдтэй уулзаж тогтвортой хөгжил, хүний эрх гээд олон талын асуудал харж явахад нүүдэлчин малчин ард түмний амьдрал үнэхээр бахархах зүйл ихтэй. Олон асуудал хэрэгцээ тэдэнд байна. Тэдгээр иргэдийг тогтвортой хөгжлөөс хоцроохгүй хөгжлийн үр шимийг ижил тэгш хүртэх боломжийг бүрдүүлэхэд анхаарах хэрэгтэй байгааг онцолмоор байна. Мөн түүнчлэн нэг том асуудал олж харлаа. Монгол Улсын хамгийн том асуудал бол засаглал тогтворгүй байдагтай холбоотой. 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталснаас хойш 32 жилийн хугацаанд Засгийн газар бараг 20 удаа солигдлоо. Засгийн газрын дундаж наслалт 1.5 жил байна гэдэг маш тогтворгүй байгааг илтгэж байна. Бодлогын хэрэгжилт цэгцтэй биш. Засгийн бодлого тогтворгүй, хэрэгжилт системтэй, цогц байж чадахгүй, хуулийн хэрэгжилт хангалтгүй, төр парламентын түвшинд хүчирхэг боловч гүйцэтгэх болон хууль сахиулах түвшинд сул байна. Сайдууд маш олон солигдож байна. Сайд солигдох болгонд төрийн нарийн бич гийн дарга солигддог. Өөрөөр хэлбэл институцийн чадавхи тогтвортой байж чадахгүй сул байна. Мөн эдийн засгийн хөгжлийн хувьд экспортолж байгаа бүх бараа бүтээгдэхүүний 85-90 хувийг түүхий эд эзэлж байна. Түүхий эд гэдэг бүтээгдэхүүн хамгийн хямд байдаг. Гэтэл нэмүү өртгийг шингээж чадахгүйгээс үүдэн эдийн засгийн үр өгөөжийг хүртэж чадахгүй байна. Үүний улмаас олон залуус гадаад руу ажил хийхээр явж байна. Тодорхой хүмүүс экспорт, импортоос асар их ашиг олж байгаа бол жирийн иргэд эдийн засгийн үр өгөөжийг хангалттай хүртэж чадахгүй байна. Жишээ болгоход сүү, цагаан идээний салбарыг авч үзье л дээ. Монгол Улс 6.5 сая үхэртэй, 28 сая ямаатай хэрнээ ОХУ-аас, Шинэ Зеланд зэрэг улсаас 3,5 сая хүнд зориулж сүү, цагаан идээг импортолж байна. Мөн эдийн засгаа солонгоруулж, зөвхөн уул уурхайгаас хамааралтай байдлаа арилгаж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, эдийн засгийн өсөлтийг бий болгох ёстой. Байгаль орчны хувьд нийт газар нутгийн 76,9 хувь нь хөрсний доройтолд орсон байна. Гэтэл мал сүргийн тоо толгой асар их өсч байна. Богино хугацаанд гурав дахин өссөн. Энэ нь бэлчээрийн даацыг хэтрүүлж, бэлчээрийн доройтол үүсгэж байна.
Нийт газар нутгийн дөнгөж есөн хувь нь ойн хучилттай байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд ойг илүү өргөжүүлж, ногоон Монголыг ногоон бүрхэвчийг бий болгох шаардлагатай . Үүний хүрээнд байгаль орчны хамгааллыг өргөн хүрээнд хийх, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай. Мөн нийгмийн талаас олон асуудал байна. Хөдөө орон нутгийн хүмүүс ямар нэгэн гамшигт өртөхөөр Улаанбаатар хотыг зорьж байна. Улаанбаатар хотын нийт хүн амын 60 хувь нь гэр хороололд амьдардаг. Төвийн халаалт, усан хангамжгүй. Тогтвортой хөгжил байхгүй байна. Хот маань 500 мянган хүн амд зориулсан байхад нийт хүн амын тал нь амьдарч байна. Тиймээс хөдөө орон нутагт хөгжлийг бий болгох шаардлага үүсэж байна. Монгол Улсын хүн амын гуравны нэг нь хөдөөгийн хүн ам буюу малчид, Монголын хамгийн эмзэг бүлэгт байгаа. Малчдын сарын дундаж орлого 1.5 сая төгрөг, сарын дундаж зарлага нь хоёр сая төгрөг байдаг. Тэгэхээр сар тутам дор хаяж 500 мянган төгрөгийн алдагдалтай ажиллаж байна. Зээлийн хувьд аваад үзэхэд өндөр 21-25 хувийн хүүтэй, иргэд барьцаа хөрөнгө муутайгаас болоод ийм байна. Чинээлэг малчдыг бий болгох шинжлэх ухаан инновацийг нэвтрүүлэх замаар мал аж ахуйн бүтээмжийг үр ашигтай тогтвортой бүсчилсэн хөгжлийг бодлогоор дамжуулж чинээлэг малчдыг бий болгох хэрэгтэй. Бидний зүгээс есөн үе шаттай стратегийг ярьж тайлбарлах боломжтой. Энэ стратеги маань малчдын эдийн засгийн хөгжил нийгмийн хөгжлийг дэмжих замаар байгаль орчинд ээлтэй мал аж ахуйг бий болгосноор чинээлэг малчид олноор бий болгосноор гэрэлт ирээдүй хөгжил цэцэглэлтийг авчирна. Засгийн газарт хандаж хэлэхэд энэ стратегийг та бүхэн “Шинэ хоршоо” санаачилгатай хоршин хэрэгжүүлвэл зохилтой. Өвөл цагт малчдыг хот айл, шинэ хоршоо болгож нэгтээд шинжлэх ухаан инновацийг нэвтрүүлэх замаар хөгжүүлэх боломжтой.
-Та хувь хүний хувьд хэр сайн аав, хань вэ?
-Эхнэр, охин Америкт амьдарч байгаа. Ажлаасаа болоод хамтдаа байж чадахгүй байна. Сүүлийн арван жил эхнэр хүүхэд Нью-Йоркт амьдарч байна. Миний Монголд байх хугацаанд эхнэр маань хоёр удаа л ирсэн. Боломжтой үедээ тэд нар дээрээ очдог. Өдөр бүр технологиор дамжуулан гэрийнхэнтэйгээ харьцаж байгаа. Хамгийн сайн аав байхын төлөө хичээж байна.
-Таны хобби юу вэ?
-Надад хоббидоо зарцуулах цаг гардаггүй. Ер нь бол хөгжим сонсох, байгалиар аялах дуртай. Монголд ялангуяа хөдөө орон нутгийн цэцэрлэг, сургуулийн хүүхэд, залуучуудыг дэмжин туслаж тэдэнтэй хамтдаа байх дуртай.
-Цаг зав гарган ярилц сан танд баярлалаа. Мон голын ард түмэн таныг мартахгүй ээ.
-Маш их баярлалаа. Зүрх сэтгэлтэй Монголчууддаа баярлалаа. (монголоор)
Ц.Отгонсүрэн, Ө.Анхзаяа