2024 оны нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байр хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас дэлбэрэлтэд өртсөн.Тэгвэл хохирсон оршин суугчид одоогоор түрээсийн байраар амьдарч байгаа бөгөөд шатсан байрыг нураахыг 91.3 хувь дэмжсэн байдаг. Иймд уг байрыг дахин засварлахгүйгээр нурааж, шинээр барих шаардлагатай гэсэн улсын байцаагчийн дүгнэлтэд үндэслэн нийслэлийн Засаг даргын захирамж гарсан.
Уг барилгыг буулгахад шаардлагатай хөрөнгийг нийслэлийн Засаг даргын нөөцөөс гаргахыг Засаг даргын захирамжид тусгажээ. Энэ 7 хоногтоо багтаад Үнэлгээний хороо 207 дугаар байрыг буулгах ажлын тендерийг зарлахаар төлөвлөжээ.Гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг олон нийтэд ил тод мэдээлэх юм. Цаашид осолтой холбоотой гэм буруутай асуудал тогтоогдвол гэм буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.