Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж буй ерөнхий боловсролын сургуулийн удирдлага, багш нарт мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх “Тэгш хамран сургах боловсрол”-ын сургагч багш бэлтгэх сургалт амжилттай зохион байгуулагдаж, сургагч багш нар бэлтгэгдлээ.
Тус сургалтад 21 аймаг, 9 дүүргийн тэгш хамруулах боловсрол хариуцсан мэргэжилтнүүд, төслийн зорилтот 30 сургуулийн багш нар нийт 62 албан хаагч хамрагдлаа.
Боловсролын яам, Люксембургийн их гүнт улсын Гадаад хэргийн яам, Падем олон улсын байгууллагын санхүүжилтээр Боловсролын ерөнхий газар, “Адина-тэгш боломж” ТББ-аас хэрэгжүүлж буй “Ерөнхий боловсролын сургуулийн багш нарт тэгш хамран сургах боловсрол олгох цахим сургалтын платформ бий болгох нь” төслийн хүрээнд энэхүү сургалтыг зохион байгуулж буй.
Тус сургалтад:
- Тэгш хамран сургах боловсролын талаар баримталж буй бодлого, хэрэгжүүлэгч талуудын оролцоо, анхаарах асуудал
- Тусгай хэрэгцээт боловсрол, тэгш хамран сургах боловсрол, суралцахуйн түгээмэл загвар
- Ерөнхий боловсролын сургуулийн дэмжлэгийн багийн үүрэг, оролцоо, хамтын ажиллагаа
- Хараа, сонсгол, оюун, хэл яриа, хөдөлгөөн, суралцахуйн бэрхшээлтэй хүүхэд мөн аутизмын хүрээний эмгэг, дауны хам шинж, анхаарал дутмагших хэт хөдөлгөөнтөх эмгэгтэй хүүхэдтэй ажиллах арга зүйн талаар заажээ.
Дээрх сургалтын агуулгыг Монгол улсын боловсролын их сургууль болон ерөнхий боловсролын сургуулийн багш, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагч, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн зөвлөх баг боловсруулж, багийн гишүүд сургалтыг чиглүүлэн зохион байгуулав.