Б.Баттулга: “Дэлхийн алдартнууд” гэдэг телевизийн шоунд оролцож, Геннисийн хоёр амжилтыг эвдсэн


Олон жилийн өмнө Монголын циркт хүч чадлын гайхамшигт үзүүлбэрийг дархан аварга Дарийн Дамдин үзүүлж, туйван өргөнгөө баахан жүжигчдээ хамт өргөж гайхуулдаг байс ныг олон хүн мэдэх биз ээ. Тэгвэл өнөөдөр дэлхийн тайзнаа хүч чадлын үзүүл бэр толилуулж буй монгол залуутай уншигч та бүхнээ уулзуулах гэж байна. Энэ бол шинэхэн гавьяат Баттогтохын Баттулга юм.

-Хүчний гайхамшигт үзүүлбэрийг үзүүлээд яг хэдэн жил болж байна вэ?

-Би 2010 оноос хойш хүч тамирын үзүүлбэрийг АНУ-ын “Ринглинг Бродэрс” циркэд ажиллаж байхдаа суралцсан. Энэ үзүүлбэрийг Зүүн европын хоёр хүн хийдэг байсан юм. Тэднийг харж анх суралцсан хэрэг. Өмнө нь 2009 онд АНУ-ын “Ринглинг” цирктэй гэрээ хийгээд АНУ-д ирсэн. Анх акробат хийж үзүүлбэр үзүүлдэг байсан бол 2010 оноос хойш хүч тамирын үзүүлбэрийг АНУ-д байхдаа суралцаад хийж эхэлсэн л дээ.

-Одоо аль улсын ямар циркийн багт харьяалагдаж байна?

-Би чөлөөт уран бүтээлч гэж явдаг. Одоогоор ямар нэгэн циркийн харьяалал байхгүй. Өөрөө аль нэгэн улсын циркийнхэнтэй гэрээ хийгээд гэрээгээр явж ажилладаг. Энэ сард Германы “Коронай” гэдэг цирктэй гэрээ хийж ажиллана. Мөн 2025 оны нэгдүгээр сард Монакогийн вант улсын “Монте карло” циркийн олон улсын тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байгаа. Ер нь орон орны циркүүдтэй янз бүрийн хугацаагаар гэрээ хийж ажилладаг юм.

-Галтай дүнз мод мөрөн дээрээ эргүүлдэг энэ үзүүлбэр нэг талаасаа их хэцүү төрөл харагддаг. Үүгээрээ дэлхийн хэдэн улсын ТВ хөтөлбөрт оролцоод байгаа вэ?

-Анх АНУ-ын “Авъяаслаг америкчууд” телевизийн шоунд 2017 онд шалгаруулалтад оролцоод 2018 онд нэг, хоёрдугаар шатанд өрсөлдөөд энэ үзүүлбэрийн бичлэг телевизээр цацагдсанаар олонд танигдаж эхэлсэн юм. Түүнээс хойш 2018 онд ОХУ, Франц, Герман улсын телевизийн шоунд уригдаж оролцсон. Дараа нь БНХАУ, Австрали, Румын, Итали, АНУ-д болдог телевизийн шоу, хамгийн сүүлд 2020 онд Английн Каталанд Францын телевизийн шоунд дахиад оролцсон бөгөөд нийт 18 телевизийн шоунд ороод байна. Энэ оны 10 дугаар сард Канадын “Авьяаслаг Канадчууд” телевизийн шоунд оролцоод нэгдүгээр шатандаа шалгараад одоо 12 дугаар сард хагас шигшээ шатандаа оролцохоор бэлтгэлээ хийж байна. Сая Чикагогоос машинаар яваад Миннэсота мужийн Минаплэс хотод Жувантус гэдэг циркийн сургууль дээр ирээд хоёр америк туслах охинтой цуг энд байдаг н.Чимгээ гэдэг циркийн ахлах дасгалжуулагчтай хамт бэлтгэлээ хийж байна.

Мөн олон улсын телевизийн шоунд оролцож байхдаа 2023 оны 12 дугаар сард Италийн Милан хотод болсон “Дэлхийн алдартнууд” гэдэг нэртэй телевизийн шоунд оролцож, Геннисийн хоёр амжилтыг эвдсэн. Энэ нь “Галтай модыг нуруун дээрээ нэг минут 19 секунд эргүүлэх, мөн галтай модыг шүдэн дээрээ 38 секунд эргүүлэх” гэсэн хоёр үзүүлбэрээр Геннисийн хоёр шинэ амжилт тогтоосон юм.

-Тэр том модыг шүдээрээ өргөж татаж харагддаг. Үүнд монгол хүний бяр ухаанаас гадна шүдний бүтэц нөлөөлдөг үү?

-Тийм ээ. Шүдээрээ дасгал хийх бол зөвхөн шүдэн дээр биш эрүү, хүзүүний бүх булчин оролцдог. Зөвхөн шүдэнд ачаалал өгдөггүй. Ийм үзүүлбэр хийхийн тулд олон жилийн бэлтгэлжилт хэрэгтэй. Эхлээд бага жинтэйг өргөнө. Дараа нь жингээ ихэсгэх маягаар бэлтгэл хийж, яг л гарын булчинг хөгжүүлдэг шиг эрүү, хүзүүний булчингаа хөгжүүлэх ёстой.

Миний хувьд багаасаа эмээ дээрээ хөдөө ааруул идэж, кальциар шүдээ бэхжүүлж байсны нөлөө маш их гэж боддог. Монгол хүн маш их цагаан идээ, сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглэдэг нь кальциар баялаг, хүний эрүү, шүдэнд тустай байдаг.

-Дэлхийд танигдсанаасаа хойш Монголдоо ирж, наадмын нээлтэд үзүүлбэрээ үзүүлж бишрүүлж байсан. Энэ талаарх сэтгэгдэл?

-Би 2019 оны наадмын нээлтэн дээр галтай мод эргүүлэх үзүүлбэрээ үзүүлсэн. Мөн 2024 оны дөрөвдүгээр сард Браво цирктэй хамт Бөхийн өргөөнд циркийн тоглолтоо хийсэн. Монголдоо тоглоход маш сайхан байдаг. Олон таньдаг хүмүүс, гэр бүл, ах дүү, хамаатан садан үздэг учраас сандардаг ч урьд өмнөхөөсөө илүү хичээдэг. Гэвч монголчууддаа үзүүлбэрээ үзүүлэхэд, төрсөн гэртээ байгаа мэт сэтгэгдэл төрж, үнэхээр сэтгэл өег байдаг даа.

-Хүүхэд байхад чинь барилдах шинжтэй гэж төрөл төрөгсөд тань тодорхойлж байсныг санаж байна. Түүнээс циркийн ийм хүнд үзүүлбэр хийдэг хүн болно гэж хэн ч бодоогүй байх. Анх ийм замыг сонгосон шалтгаан юу байв?

-Би багаасаа барилдах дуртай байсан. Хүмүүс хулгар чихтэй, бүдүүн, бандгар хүүхэд гэдэг байлаа. Харин аав ээж маань “Барилдах хүүхэд байна” гэж хэлдэг байсан.

Мэдээж өөрөө барилдах дуртай. Үндэсний бөхөөр хичээллэдэг байсан юм. Наадамд гурав, дөрвөн удаа барилдаж үзсэн байдаг. Тэгээд барилдах бэлтгэл хийж яваад Монголын гимнастикийн холбоон дээр очиж, гимнастикийн бэлтгэл хийж байгаад тэндээсээ акробат, циркийн урлагт сонирхолтой болсон. Ингээд циркчин болсон доо. Би ч гэсэн өөрийгөө циркчин болно гэж бодоогүй байсан шүү.

-Дэлхийг дуу алдуулсан гайхалтай үзүүлбэрээр МУГЖ цол хүртсэн. Эх орондоо хөдөлмөрөө үнэлүүлсэн үеийн сэтгэгдлээсээ хуваалцвал?

-Би 2024 оны долдугаар сард наадмаар Монгол Улсын гавьяат жүжигчин гэдэг эрхэм хүндтэй цолыг хүртсэндээ маш их баяртай байгаа. Монголын циркийн холбооноос 2024 оны дөрөвдүгээр сард намайг Монголдоо очиж тоглоход миний үзүүлбэрийг дэмжиж, Монгол Улсаа олон оронд сурталчилсан, телевизийн шоунд оролцсоныг минь үнэлж, энэ хүндтэй шагналд тодорхойлоод энэ шагналыг авсандаа маш их баяртай байгаа.

-Өөрийн тань үзүүлбэр хэдэн кг орчим жин татдаг вэ. Зарим тохиолдолд шүүгчдийн төлөөллийг суулгаад эргүүлж байгаа харагддаг?

-Үзүүлбэртээ би хэд хэдэн төрлийн мод ашигладаг. Эхний мод маань таван метр урттай, 40 кг орчим жинтэй. Хоёр дахь буюу хүн суулгаад эргүүлдэг мод нь зургаан метр урттай, ойролцоогоор 65-70 кг жинтэй. Үүн дээрээ хоёр хүн суулгаад эргүүлдэг. Мэдээж, тэдгээр хүмүүсийн жин янз бүр. Олон улсын тэмцээн дээр дөрвөн охин суулгаад эргүүлж байсан тохиолдол бий. Тэр үед 270 кг-ыг эргүүлсэн гэж гарсан. Харин хоёр хүнтэй үзүүлбэрт ойролцоогоор 150-200 кг орчмыг өргөдөг.

-Эрсдэл ихтэй төрлөөр дагнасан жүжигчний хувьд аюулгүй ажиллагааны дүрэм нэлээд чухал байдаг болов уу. Энэ тухайд юу гэж хэлмээр байна?

-Тийм ээ. Миний үзүүлбэрийн хувьд эрсдэл ихтэй болохоор аль болох боломжоороо бэлтгэлээ сайн хийж байхгүй бол бэртэл гэмтэл ойрхон байдаг. Галтай үзүүлбэрийн үед арьсаа түлэх, үсээ хуйхлах, толгойгоо цохих, өргөсөнд хатгуулах гэх мэт олон жижиг эрсдэлүүд байнга гардаг. Тийм болохоор аль болохоор тоглолтын өмнө бэлтгэлээ сайн шалгана.

Галтай үзүүлбэрийн тухайд би ганцаараа хийхгүй, туслах хүмүүс арын албанд байдаг. Тэд галыг асааж өгнө, унтраана, аюулгүй байдлыг хангана гэх мэтээр багаараа ажилладаг даа.

-Одоогоор АНУ-д ажиллаж, амьдарч байгаа. Ирээдүйд эх орондоо ирж шавь бэлтгэнэ гэж боддог уу?

-Би тоглолтоор болон гэр бүлийнхэнтэйгээ амрахаар боломжтой үедээ Монголдоо очдог. Гэхдээ одоогоор циркийн тэмцээнд оролцож, үзүүлбэрээ хийж болохоор АНУ болон Европт циркийн бизнес, ажил маань байдаг учраас гадаадад ажиллаж, амьдраад явж байна. Мэдээж, Монголдоо ажиллаж, амьдрахыг хүсдэг. Цаашдаа Монголдоо очиж олон хүмүүст өөрийнхөө чаддаг зүйлийг зааж, циркийн урлаг болон Монголынхоо хүүхэд залуучууд болон циркийн хүнд жингийн төрлийн үзүүлбэрийг сонирхсон хүмүүст зааж сургах хүсэлтэй.

-Та бол хилийн цэргийн хурандаагийн удам залгасан хүү. Удамд тань бяр ихтэй хүмүүс байсан уу?

-Миний аав хилийн цэргийн хүн. Мөн ОХУ-д сургуульд сурч байхдаа штангийн спортоор хичээллэдэг байсан гэдэг. Аав минь цэргийн начин цолтой бөх хүн. Аавын үлгэр дуурайл, удам надад нөлөөлсөн гэж боддог. Аав маань том биетэй, харахад сүрлэг, хилийн цэргийн офицер хүн учраас би аавыгаа харж, үлгэр дуурайл авч, илүү их бэлтгэл хийж, өөрийнхөө биеийг хөгжүүлсэн.

Циркчин болоход сахилга бат, сэтгэлийн хат, бэлтгэлжилт хэрэгтэй. Тэр бүхэнд аав болон гэр бүлийн минь зан чанар их нөлөөлсөн гэж боддог.

Бид онлайнаар ийн ярилцлаа. Түүнийг бүр багаас нь мэднэ. Учир нь тэр манай нутгийн бүр миний багын найзын төрсөн эгчийн хүү юм. Жаахандаа майга хөлтэй, мярай ихтэй, өсгөлүүн биетэй, божин бор хүү байж билээ. Нэлээд хожуу хүчний үзүүлбэр үзүүлдэг болсон гэж сонсож байсан чинь нэг л өдөр “Авьяаслаг америкчууд” нэвтрүүлэгт оролцоод цэнхэр дэлгэцээр гараад ирж билээ.

Н.Саранчимэг


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *