Яндангүй бүстэй болъё


Ийм уриалга, санаачилгыг “Өдрийн сонин”-оос 2023 оны хоёрдугаар сард бичиж байлаа. Тухайн үед нь хүмүүс тоогоогүй өнгөрч , бүтэхгүй санаа гэсэн байх. Гэвч сүүлийн үед үүнийг хүн бүр ярих болж байна. Бодвол үнэ цэнтэй санаа болохыг үнэлээ биз. Хэрэв тухайн үед нь зоригтойхон шийдвэр гаргаад бодлого, төлөвлөлтөө хийгээд төр засгаас дэмжээд хэрэгжүүлсэн бол өнөөдөр бодит үр дүнгээ үзээд зогсож байх байлаа. Харамсалтай нь утаа гамшиг боллоо гэдгийг улиглаж хэлснээс хойш дорвитойхон үр дүн гарахгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Мэдээж “Утаагүй түлш” зэрэг ажлыг санаачлаад хэрэгжүүлж байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ л хангалтгүй байгаа учраас утаа гамшиг болсон хэвээрээ байна. Сүүлийн хэдэн өдөр Улаанбаатар хотыг утаанаас салгая гэж жагсаал цуглаан боллоо. Олон нийт аргаа бараад дорвитойхон шийдэл, үр дүн нэхэж байгаагийн илрэл бол жагсаал юм. Гэвч “Онц байдал зарла” хэмээн орилох нь өөрсдийнхөө хоолойд олсоо углахтай ижил зүйл. Онц байдал зарласнаар асуудал шийдэгдчихгүй. Харин ч асуудлыг хүчээр шийдэхийг оролдож, төр засгийн хүчирхийлэл эрчээ авч ард түмний амьдрал улам хэцүү болно гэдгийг ойлгох хэрэгтэй. Монголчуудаас өөр хэнч онц байдал, дайны байдлыг хүсдэг орон гэж энэ дэлхий дээр байдаггүй байх. Тиймээс “Онц байдал” гэдэг бидний хүсээд байгаа шийдэл огт биш.

Хэдэн жилийн өмнө Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргаар Ерөнхий сайд ажилладаг байлаа. Чамгүй сайн ч ажилласан. Харин сүүлд тус хороог ЗГХЭГ-ын дарга, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Эрчим хүчний яам хариуцан ажилласан. Сүүлдээ бүр татан буулгаж, нийслэлийн мэдэлд шилжүүлсэн. Нийтийн дунд барьж явахад хэтэрхий эмзэг сэдэв, үр дүн нь урт хугацаандаа харагдах ажил учраас үүнээс дарга нар зугтаасан хэрэг. Тэгвэл өнөөдөр манайд утаа ямар түвшинд байна вэ. НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Эрүүл мэндийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Эдийн засаг, хөгжлийн яамны хамтарсан тайланд дурдсанаар жилдээ манай улсад жилдээ 7139 хүн утаанаас болж нас барсан гэжээ. Иргэдийн амь насанд бодитоор заналхийлээд эхэлчихсэнийг эндээс харж болно.

Тэгвэл одоо хэдүүлээ ерөөсөө л нийслэлийнхээ төвд “Яндангүй бүс”-тэй болъё. Тодорхой нэг цэг заагаад ажлаа шууд эхэлж болно. Айл өрхүүдийг яндангүй болгоод эрчим хүч, газаар дулааныг нь шийдье. Өөр гарцуудыг санал болгоё. Улмаар буулгасан яндангийн тооноос нь хамаараад айлуудад урамшуулал бодъё. Үнэхээр зайлшгүй тохиолдлоор уг бүсэд яндантай байхаар бол нүүхийг санал болгох хэрэгтэй.

Яндантай бүсэд очиж амьдар гэж, тэгээд болохгүй бол өдөр тутмын өндөр татвар тавьж өгөх хэрэгтэй байна. Ингэж байж л бид ойрын хугацаандаа утаанаас сална.

Утааны эсрэг зарцуулсан төсөв хөрөнгийг тоолбол хэдэн арван их наядаар тоологдоно. Харамсалтай нь гарт баригдаж, нүдэнд үзэгдэх үр дүн тун бага. Өнөөдөр нийслэлийг утаагүй түлшээр хангах ажлыг “Тавантолгой түлш” компани хариуцан ажиллаж байгаа. Анх эхэлсэн 2019 онд бол нийслэлийн утаа 50 хувь буурсан. Гэвч түүнээс хойш байдал яг хэвэндээ байгаад хүмүүс гайхдаг. Гэтэл нөгөө түлш нь өөрийн үүргээ гүйцэтгэж ханаад дахин цааш утааг багасгах боломжгүй г эдгийг мэргэжлийн хүмүүс нь хэлдэг. Тиймээс дараагийн шатлалын түлшийг хэрэглэх хэрэгтэй гэдгийг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хэлж байв. Сайн чанарын коксжих түлшийг хэрэглэснээр одоогийн байгаа утааг даруй 70 хувиар бууруулах боломжтой гэдгийг ч хэлж байлаа. Харамсалтай нь туршилт гэдэг ганцхан үгийг буруу хэрэглэснээс болоод түүнийг сошиалд дүүжилж, бараг эх орноосоо урвасан дайны суртал ухуулгыг явуулснаар тухайн ажил нь зогсож байлаа. Энэ ажлыг одоо эхлэх хэрэгтэй байна. Яасан Чойжоо сайд нөгөө ажлаа эхлүүлээч гэж уриалж байна. Утаанаас салмаар байгаагаа хүн бүхэн хэлдэг ч өнгөрсөн хугацаанд дорвитой шийдэл огт хийж ирсэнгүй. Тэгэхээр одоо зарим шийдлүүдийг зоригтойхон туршаад явах хэрэгтэй. Нийслэлээс өнөөдөр байгалийн хийгээр дулааны асуудлыг шийдэж, нийслэлийг утаанаас салгах боломжтой тухай хэлж байна. “Яндангүй бүс”ийнхээ хажуугаар үүнийг ч гэсэн хийгээд үзэхэд гэмгүй.

Судлаачдын үзэж байгаагаар манайд “Яндангүй бүс” болгох хамгийн боломжтой газар нь Гандангийн дэнж гэнэ. Учир нь тус дэнжид дэд бүтэц тодорхой хэмжээгээр оччихсон учраас асуудлыг шийдэхэд хялбар байх болно. Дээрээс нь соёлын аялал жуулчлалын гол бүс учраас ингэх нь эдийн засгийн үр өгөөжтэй гэдгийг ч хэлдэг. Тэгвэл ингээд Гандангийн дэнжээ “Яндангүй бүс” болгож байгаад гэр хороолол, утаатайгаа ноцолдох хэрэгтэй. Жил бүр тодорхой төсөв төсөвлөөд нөгөө бүсээ сунгаад байх хэрэгтэй.

Ердөө хэдхэн жилийн дотор л гэхэд Зурагт, Хайлааст, Дэнжийн мянга гээд яндангүй бүс нэмэгдээд байна. Харин чөлөөлсөн газар, утаагүй хэсгээ эдийн засгийн эргэлтэд оруулаад орон сууц, цэцэрлэгт хүрээлэн болгоод явах хэрэгтэй. Үүнтэй нь зэрэгцээд хотынхоо захад яндантай бүсийг ч зааж өгөх хэрэгтэй болно. Яндангүй бүсэд амьдарч чадахгүй, боломжгүй бол тэдгээр иргэд яндантай бүсдээ галаа түлээд, тулгаа тойроод сууж байхад юу нь буруу байхав. Ингэж байж л бид олон жил толгойны өвчин болсоор ирсэн утаанаас салж, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ эдлэх боломжтой.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *