Төхөөрөмж ашиглан улс төр хийдэг үү


Манай улс цахим үндэстэн болохоор шат шаттай бодлого, арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Түрүүчээсээ мэдээж үр дүн гарч буй. Гэвч УИХ дотроо л гэхэд санал хураах төхөөрөмжийнхөө учрыг олчихож барахгүй байх юм. Шинэ парламент бүрдэж, гишүүний тоо 50-иар нэмэгдсэн учраас санал хураах төхөөрөмжийг нэмсэн, шинэчилсэн байх. Гэтэл аливаа асуудлаар санал хураах бүрд гишүүдээс “Төхөөрөмж ажилласангүй” гэсэн гомдол гарсаар удав. Хамгийн сүүлийн жишээ нь баасан гарагт боллоо.

Засгийн газраас Монгол Улсын 2025 оны төсвийн тухай болон холбогдох бусад хуулийн төслийг яаралтай горимоор дахин өргөн барьж, УИХ-аар өнгөрсөн долоо хоногт эхний хэлэлцүүлгийг хийсэн. Нийт 2.3 их наяд төгрөгийн зардал танаж буй бөгөөд үүний дотор өмнө нь баталсан хуулийн дагуу олгох санхүүжилтүүд бас багтсан байсан. Тиймээс зардал хасахтай холбогдуулан 10-аад хуулийг хүчингүй болгуулахаар өргөн барьсан юм. Тухайлбал, ССАЖЗ-ын сайд Ч.Номингийн багц дахь олны шүүмжлэлийг дагуулсан 18.3 тэрбум төгрөгөөр соёлын үйлчилгээ үзүүлэх үнэгүй эрхийн бичиг тараах зардлыг шинэ төсвийн төсөлд 100 хувь хасаж оруулж ирсэн. Үүний тулд Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих Соёлын тухай хуулийн зарим заалт хүчингүй болсонд тооцох хэрэгтэй байв. Гэвч нэгдсэн чуулганаар санал хураах үед эдгээр хуулийг хүчингүй болгох саналыг олонх дэмжсэнгүй. Ч.Номин сайд эл өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсад томилолттой ажиллаж байгаа. Түүний дээрх саналыг цээжээрээ хамгаалж буй хүмүүсийн нэг бол гишүүн М.Нарантуяа-Нара. Тэрбээр УИХ өсвөр насны хүүхдүүд, эмэгтэйчүүд, ээжүүдийн зардлаас л хасаж, харамлаж чаддаг, олон сайд дотроос ганц эмэгтэйгээ онцолж дайрлаа гэх мэтээр шүүмжилж байлаа. Гэтэл үргүй зардлыг танахыг дэмжиж, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан гишүүд дээрх хуулиудыг хүчингүй болгохыг эсэргүүцсэн логикүй үйлдэл хийв. Ингэмэгц өөрөө эзгүй ч “Ч.Номин сайд сайн лобби хийжээ” гэсэн хардлага гарч байгаа юм. Төсвийн хэлэлцүүлэг эхэлсэн үеэс хамгийн их шүүмжилж, үр ашигтай болгож засах талаар дуугарч, зарчмын зөрүүтэй санал оруулж буй гишүүн Ж.Баярмаа мөн хуулийг хүчингүй болгохгүй гэсэн санал өгсөн болж таарсан. Маргаан өрнөх үед тэрбээр “Төхөөрөмж гацсанаас боллоо, эхнээс нь үргүй зардлыг, соёлын үнэгүй үйлчилгээ үзүүлэхийг эсэргүүцэж байсан хүн юу гэж дэмжиж санал өгөх вэ дээ. Би эсэргүүцсэн хэвээрээ байгаа. Засгийн газраас дахин өргөн барьсан төсөлд 18.3 тэрбум төгрөгөөр соёлын үйлчилгээ үзүүлэх тухай заалт байхгүй, хасагдсан. Тиймээс дээрх хуулиудыг хүчингүй болгохгүй байлаа гээд энэ зардлыг “босгосон” гэсэн үг биш. Хэлэлцүүлгийн явцад хэн нэг гишүүн нэмэх санал оруулж ирвэл би бас л эсэргүүцэх болно” гэсэн тайлбар хийжээ. Төхөөрөмж ажиллаагүй тул горимын санал хураалгая гэдгээ тэрбээр даруй хэлсэн боловч УИХ-ын дарга “Нэгэнт санал хураасан учир горимын санал гаргах боломжгүй” хэмээсэн. Энэ талаар тэрбээр “Миний өмнөхөн төхөөрөмжтэй холбоотой ийм асуудал болоход Т.Аубакир гишүүн горимын санал хураалгасан. Гэтэл намайг горимын санал гаргах гэхээр болохгүй гэсэн” хэмээн ярьсан байна лээ. Тэр өдрийн турш түүний төхөөрөмж гацаж, санал хураасан бусад асуудалд ч дандаа татгалзсанаар бүртгэгдсэн учраас Тамгын газрын ажилтныг хэд хэдэн удаа дуудаж, засуулах хүсэлтээ өгсөн аж.

Ийнхүү үнэтэй авсан төхөөрөмж нь үе үе гацаад байгаагийн нэг л жишээ энэ. Гэтэл үүнийг засаж сайжруулахгүй байгаа нь хардлага төрүүлэв. Хориг тавьж, хүчингүй болгосон 2025 оны эхний төсвийг батлахад ч төхөөрөмжөөс болоод гараар санал хураасан. “Танхимд байсан гишүүний тоо 60 ч хүрэхээгүй байсан боловч дүн өөрөөр гарлаа, камер шүүлгэе” хэмээн тэр үед УИХ дахь АН-ын бүлгийнхэн шаардаж байсан юм.

Тэгэхээр төхөөрөмжийг ажиллуулахгүй, эсвэл гацаатай хэвээр байлгах ашиг сонирхол байх шиг. Асуудал үүсвэл төхөөрөмж рүү бухчихна, шаардлагатай бол гараар санал хураалгачихна. Мөн дэг хоёр гишүүнд өөр өөрөөр үйлчилнэ. Ингээд өөртөө нийцүүлсэн байдлаар санал хураалтын үр дүнг өөрчлөөд байх сонирхол УИХ-ын даргад байгаа юм биш үү.

УИХ-ын ээлжит чуулганаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2024.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр Соёлын ваучерын 18.3 тэрбум төгрөгийг төсвөөс хасах саналаар санал хурааж, Ж.Баярмаа нарын 64 гишүүн ДЭМЖСЭНГҮЙ.

Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Баярмаа “Би өнгөрсөн аравдугаар сард Соёлын ваучерын 18.3 тэрбум төгрөгийг төсвөөс хасах зарчмын зөрүүтэй санал гаргаж байсан. Би үүндээ үнэн ч хэвээрээ байгаа. Өнөөдөр та бүхэн анзаарсан бол миний кноп өнөөдөр ажиллаагүй. Тамгын газрын хүнийг нь дуудаад хэлдэг ч засагдаагүй байна.

Соёлын ваучерын хуулийн төслийн санал хураалтын үеэр кноп дахиад ажилласангүй. Төхөөрөмж ажиллахгүй байхаар автоматаар татгалзсан гэдэг рүү орчихдог.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *