УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо өчигдөр (2024.12.09) хуралдаж, 2025 оны төсвийн хуулийн төслүүдийг хэлэлцэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Идэрбат Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв хангалттай тусгагдсан эсэх асуудлыг тодруулсан юм. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Эрүүл мэндийн салбарын төсвөөс 36.8 тэрбум төгрөг хасагдсан. Гэхдээ Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийг огт хасаагүй. Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв энэ оныхоос 360 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн.
Өнөөдрийн үүсэж байгаа нөхцөл байдлыг ирэх жил давтахгүй байх нөхцөл бүрдсэн гэж болно. Гэхдээ эрүүл мэндийн даатгалын асуудлыг бүрэн шийдвэрлэнэ гэвэл ДНБ-ий 6 хувьд хүргэх зайлшгүй шаардлагатай. өнөөдрийн төсвийн хэмжээ ДНБ-ий 3 орчим хувь орчимд байна. Хасагдсан 36.8 тэрбум төгрөг нь нийгмийн эрүүл мэндийн бодлого арга хэмжээний төсөв” гэж хариулав.
Төсвийн зардлыг хэт механикаар хассан нь эрсдэл үүсгэх магадлалтай
УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо өчигдөр (2024.12.09) хуралдаж, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслүүдийг Байнгын хорооны хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.
Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн хөрөнгө оруулалт, зарлагыг бууруулсантай холбогдуулан нийт орлогыг 394.8 тэрбум төгрөгөөр буурахаар тооцсон байна. Ингэснээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн болон нийт зарлага ба цэвэр зээлийн дүн тэнцүү 33.5 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий 35.2 хувь болсноор тэнцвэржүүлсэн тэнцэл алдагдалгүй болж, суурь тэнцэл ДНБ-ий 3.3 хувьтай тэнцэх хэмжээний ашигтай болохоор гарсан байна.
Хэлэлцэж буй Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөлд Үндэсний аудитын газраас хийсэн аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч Я.Самбууням танилцуулав. Тэрбээр “Төсвийн урсгал зарлагыг хумьж, зарим хэрэгжиж эхлээгүй хөтөлбөр үйл ажиллагааг зогсоохоор төлөвлөсөн нь төсвийн зарлагын ДНБ-д эзлэх харьцааг бууруулсан сайн талтай. Гэвч зардлыг хэт механикаар хассан нь 2025 оны төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг бууруулах тоо хэмжээг хумих эрсдэл үүсэх магадлалтай гэж тэмдэглэв. Мөн тэрбээр төрийн үйлчилгээг илүү цомхон бүтэц, ухаалаг байдлаар үзүүлэхийн тулд зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх тогтолцооны өөрчлөлтийг хууль эрх зүйн орчинд бүрдүүлэх шаардлагатайг дурдсан юм.
Төрийн байгууллагын сургалт, семинарын зардлыг танажээ
УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар /2024.12.09/ Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав.
Сангийн яамны газрын дарга М.Санжаадорж, хуулийн төсөлд төрийн байгууллагын сургалт, семинарын зардлыг танаж, цахим хэлбэрээр зохион байгуулах чиглэлийг баримталсан. Төрийн албан хаагчдад зориулсан сургалтуудыг Удирдлагын академи хариуцаж байна. Мөн тус академийн зардлыг 10 хувь хассан гэв. Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан, өнгөрсөн 09 дүгээр сарын байдлаар 20 орчим мянган төрийн албан хаагч ажлаасаа чөлөөлөгдөж, түүний оронд 18 мянган төрийн албан хаагч нөхөж орсон байна. Сургууль, цэцэрлэгийн тоо нэмэгдсэн учраас төрийн албан хаагчийн тоо 2000-аар нэмэгдсэн гэв.
Д.Эрдэнэ