Иргэдийн мэдээллийн дагуу “Тавантолгой түлш” ХХК-ийн боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд БОУАӨЯ, Салбарын хяналтын газар, нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар хамтран 12 дугаар сарын 4-ний өдрөөс төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж байна. Тус компанийн Зүүн, Баруун, Төвийн бүсийн үйлдвэрүүдийг хяналт шалгалтад хамруулж, сайжруулсан шахмал түлшний түүхий эдүүдээс дээж авч, нүүрсний завсрын бүтээгдэхүүн буюу мидлинг, үйлдвэр орчмын агаар, хөрснөөс дээж авч, холбогдох лабораториудад шинжлүүлж байна.
Хяналт шалгалтын хүрээнд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан нөхцөл шаардлагыг биелүүлээгүй, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй, ус ашиглагчийн үүргээ хэрэгжүүлээгүй зэрэг илэрсэн зөрчил, дутагдалтай холбогдуулан зөрчлийн хэрэг бүртгэлтийн үйл ажиллагаа явагдаж байгаа аж.
Тус үйлдвэр дотоод хяналтын лабораторитоо химийн бодис зөвшөөрөлгүй ашиглаж байсныг уг шалгалтаар илрүүлжээ. Уг химийн бодисыг битүүмжилж, харьяаллын дагуу Экологийн цагдаагийн албанд шилжүүлэн шалгуулж байна.