Хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах улсуудыг зарлалаа


ФИФА буюу Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооноос өнөөдөр 2030, 2034 оны хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах орнуудыг албан ёсоор зарлалаа.

2030 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Испани-Португал-Марокко улсууд хамтран зохиох бөгөөд энэ тэмцээний нээлтийн тоглолтыг хөлбөмбөгийн ДАШТ-ийг 100 жилийн өмнө “өлгийдөн” авсан Уругвайд хийх аж. Мөн 100 жилийн ойн хүрээнд хоёр, гурав дахь тоглолтыг Аргентин, Парагвайд зохиох бөгөөд үлдсэн бүх тоглолт Испани, Португал, Мароккод болох юм.

2030 оны Дэлхийг аваргын тоглолт ийнхүү анх удаа 6 өөр оронд, 3 тивд ( Өмнөд Америк, Европ, Африк) зохион байгуулагдахаараа түүхэнд анхдагч( мөн цорын ганц байх) болон бичигдэх нь.

Харин 2034 оны ДАШТ-ийг зохион байгуулах эрхийг Саудын Арабын Хаант Улс дангаараа авлаа. Асар их амбицтай, том том төслүүд хэрэгжүүлээд эхэлсэн “хар алтны” зах зээлд том тоглогч Саудын Араб ийнхүү хөлбөмбөгийн ДАШТ-ийг нутагтаа хүлээн авсан Азийн дөрөв дэх ( Япон, БНСУ, Катар) орон болох нь.

Сануулахад ердөө жил хагасын дараа буюу 2026 оны зургаадугаар сард 23 дахь хөлбөмбөгийн ДАШТ АНУ, Канад, Мексикт эхлэх билээ.

Ц.Энхтүвшин “Таван цагариг”


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *