МУГТ Б.Баасанхүү Дэлхийн чансааг манлайлж, байр сууриа дархалсан хэвээр байна


Өнгөрсөн амралтын өдрүүдээр жүдо бөхийн “Токио 2024” их дуулгын тэмцээн болж өндөрлөсөн. Энэ тэмцээний дараа Дэлхийн чансаанд ямар өөрчлөлт орсныг орж сонирхлоо. Манай улсаас эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд МУГТ Б.Баасанхүү Дэлхийн чансааг тэргүүлсэн хэвээр байна.

Тэрээр “Парис 2024” олимпын наадмаас мөнгөн медаль хүртэж, шинэчилсэн жагсаалтаар 7176 оноогоор өөрийн жиндээ Дэлхийн чансааг тэргүүлж эхэлсэн. Энэ байр сууриа одоо болтол хадгалж байна.

    Б.Баасанхүүгийн хувьд 2024 онд Монгол Улсын аварга болж, Ази тивийн аварга, Душанбе их дуулгын аварга, “Абу Даби”-ийн Дэлхийн аварга болж, улмаар Парисын олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн билээ. Нэг жилийн дотор эдгээр том амжилтуудыг гаргасан тэрбээр 24 насандаа Монгол Улсын Гавьяат тамирчин болсон.

Энэ он дуустал ямар нэг олон улс, тивийн томоохон тэмцээн байхгүй учир түүний хувьд 48 кг-ийн жиндээ бусад тамирчныг манлайлж, чансааны тэргүүн байраа хадгалсан хэвээр байна. Он гараад буюу 2025 оны хоёрдугаар сараас эхлэн “Парис” “Баку”-ын “Ташкент” “Тбилис”-ийн их дуулгын тэмцээнүүд болох юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *