Facebook, Instagram, WhatsApp-ийн хэдэн цагийн турш доголдсон шалтгааныг “техникийн асуудал” гэж тайлбарлажээ


Meta компанийн Facebook, Instagram болон WhatsApp платформын үйлчилгээ лхагва гаригт дэлхийн хэмжээнд хэдэн цагийн турш доголдсоны дараа эргээд хэвийн ажиллаж эхэлсэн бөгөөд доголдлын шалтгааныг толгой компанийн зүгээс “техникийн асуудал” гарсан хэмээн тайлбарлажээ.

Meta-гийн зүгээс өөрийн X хуудсандаа “Бидэнтэй хамт энэ бүгдийг тэсвэрлэж хүлээцтэй хандсанд баярлалаа! Бид асуудлынхаа 99%-ийг шийдээд байна, одоо сүүлийн шалгалтуудыг л явуулж байна. Доголдлын улмаас хохирсон хүн бүрээс уучлалт хүсэж байна” хэмээн бичсэн байна.

Мөн WhatsApp өөрийн X хуудсандаа “Бид эргээд ажилд орлоо, чатлахад таатай байна” гэсэн бол Instagram-ын зүгээс “Ингээд бид буцаад ирлээ, хүлээлгэсэнд уучлаарай, бидэнтэй хамт байсанд баярлалаа” хэмээн X хуудсандаа нийтэлжээ.

Интернет дэх вебсайтуудын доголдлыг бүртгэдэг Downdetector вебсайт лхагва гаригийн үдэш Facebook ажиллахгүй байна гэсэн 23 мянган хүний гомдол санал, WhatsApp ажиллахгүй байна гэсэн 18 мянга гаруй хүний санал гомдлыг хүлээн авснаа мэдээлжээ.

Дээрх платформуудад гарсан доголдол АНУ, Их Британи, Европын зарим хэсэг, Ази, Австрали, Өмнөд Америкийн бүс нутгуудад бүртгэгдсэн байна.

Facebook болон WhatsApp платформыг дэлхийн хэмжээнд 3 тэрбум орчим хүн идэвхтэй хэрэглэдэг бол Instagram-ын идэвхтэй хэрэглэгчдийн тоо 2 тэрбум байдаг ажээ.

Үүний өмнө 2021 онд Meta компанийн аппликейшнүүд доголдож байсан бөгөөд тухайн үед Facebook, Messenger, WhatsApp, Instagram аппликейшны доголдол ойролцоогоор 6 цаг үргэлжилж байсан юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *