Холбооны Мөрдөх Товчооны дарга К.Врэй огцрохоо мэдэгджээ


АНУ-ын Холбооны мөрдөх товчооны дарга Кристофер Врэй АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампыг ирэх сард тангараг өргөж, албандаа орохоос өмнө албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцорно гэдгээ мэдэгдсэн байна.

Д.Трампын хувьд Холбооны мөрдөх товчооны даргаар Каш Пателыг томилно гэдгээ мэдэгдэхдээ Кристофер Врэй-г албан тушаалаас нь хална гэдгээ албан бус байдлаар илэрхийлээд байсан юм.

Тэгвэл Кристофер Врэй лхагва гаригт явагдсан Холбооны мөрдөх товчооны дотоод уулзалт хуралдааны үеэр албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцрохоор болсноо албан ёсоор зарлаж, олон долоон хоног бодож тунгаасны эцэст шийдвэрээ гаргаснаа хэлжээ.

К.Врэй-н хувьд 2017 онд 10 жилийн хугацаатайгаар Холбооны мөрдөх товчооны даргаар томилогдож байсан бөгөөд түүнийг тухай үеийн АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп нэр дэвшүүлэн томилж байсан юм.

ХМТ-ны хурлын үеэр К.Врэй-г албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцорно гэдгээ зарласны дараа бүгд босч, алга ташиж түүнд хүндэтгэл үзүүлж, зарим нэг хүн нулимс дуслуулсан талаар Associated Press агентлаг мэдээлжээ.

Харин түүний оронд нэр дэвшигдээд байгаа Каш Пател “ХМТ-ны удирдлагын эрх мэдлийг тайван замаар шилжүүлэн авч, ажилдаа орохдоо бэлэн байна” гэдгээ лхагва гаригт мэдэгджээ. Гэхдээ түүнийг уг албан тушаалд томилох эсэхийг Сенат шийдэх болно.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *