ХБНГУ-ын Канцлер Олаф Шольц Германы парламентад итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалт явуулах хүсэлт гаргасан байна. Тэрээр уг хүсэлтээ Бундестагын ерөнхийлөгч Бербел Баст бичгээр гарган өгсөн бөгөөд парламентанд итгэл хүлээлгэх эсэх асуудлаарх санал хураалтыг ирэх долоо хоногт буюу энэ сарын 16-ны даваа гаригт явуулахаар тогтжээ.
Хэрвээ ирэх долоо хоногийн санал хураалтаар парламентын гишүүдийн олонх нь Канцлерын эсрэг санал өгсөн тохиолдолд Канцлер ХБНГУ-ын ерөнхийлөгчид Бундестагыг тараах хүсэлт гаргах бөгөөд тараах, эсэхийг ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер шийдэх юм. Германы ерөнхийлөгчийн хувьд өнгөрөгч сард л Бундестагыг тараах шийдвэр гаргана гэдгээ яриандаа дурьдаж байсан билээ.
Хэрвээ ХБНГУ-ын Бундестаг тарахаар болбол парламентын сонгуулийг 60 өдрийн дотор зохион байгуулах хуультай. Парламентын сонгуулийг 2025 оны 2 сарын 23-нд явуулах товыг хэдийнээ тогтоочихоод байгаа ажээ. Гэхдээ ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер ямар шийдвэр гаргах нь тодорхойгүй байгаа талаар Германы хэвлэлүүд мэдээлж байна.
Эргэн сануулахад өнгөрсөн сарын 6-ны өдөр Олаф Шольцын Социал Демократ нам, Чөлөөт Ардчилсан нам, Ногоон намын хамтарсан эвслийн засгийн газар нуран унасантай холбоотойгоор ийнхүү парламентын ээлжит бус сонгуулийг явуулж, улмаар шинэ засгийн газар байгуулахын тулд парламентыг тараахад чиглэсэн дээрх санал хураалтыг ирэх долоо хоногт явуулахаар болоод байна.
Хамгийн сүүлд ХБНГУ-д 2005 онд парламентад итгэл хүлээлгэх эсэх асуудлаар санал хураалт явуулж байсан бөгөөд тухайн үед Канцлер Герхард Шрёдер ээлжит бус парламентын сонгуулийг явуулсан ч Ангела Меркельд маш бага саналын зөрүүгээр ялагдал хүлээж байсан билээ.
