Утааны уршгийг эмч, эмнэлгийн ажилтнууд үүрч байна


“Ачааллаас үүдэн хүүхдээ, ар гэрийнхээ ажлыг орхигдуулахад хүрч байна. Эмнэлгийн ажилчид хэзээ ч хамаагүй дуудагддаг. Ингээд аргагүй эрхэнд хүүхдээ гэрт нь харгалзах хүнгүй үлдээж явах шаардлага гардаг. Хүүхдээ үлдээчхээд элдэв муу зүйл болох вий гэж санаа зовно. Зарим үед эмнэлэгт дагуулж ирэх үе ч бий” гэдгийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн сувилагч Х.Нарантуяа хэлж байгаа юм.

Энэ бүхэн утаанаас улбаатай…

Утаанаас  болж амьсгалын замын  өвчлөл 2-3 дахин нэмэгдэж. Үүний хэрээр эмнэлгийн ажилчид гэртээ харих ч завгүй эсвэл тухтай амрах  нөхцөлгүй ажиллаж байна.

Үүний цаана хүүхдийн эрх зөрчигдсөөр. Учир нь эмч сувилагчид ч бас хүүхэдтэй. Тэдний хүүхэд энэ бохир агаараар амьсгалж, хордож хатгаа авч халуурч бүлээрч байгаа. Гэлээ гэхдээ яах билээ. Өргөсөн тангараг эзэмшсэн мэргэжил нь энэ юм хойно.Сүүлийн арван жилийн өвөл эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд уртасгасан цагаар ажиллаж байна. Мөн гэнэтийн дуудлага гарна. Ингээд хүүхдээр хүүхдийг харуулах эсвэл харгалзах хүнгүй гэрт нь цоожлон үлдээдэг. Хэрвээ энэ хугацаанд утаа бууруулах ажлуудын үр дүн гарсан бол өнөөдөр эмнэлгийн ажилчид цаг нартай уралдаж, нойр хоолгүй байж, хүүхдээ гэрт нь үлдээх сонголтыг хийх хүртлээ ажиллахгүй байлаа. Энэ бүхэн өнөөх л утаанаас улбаатай. Хэрэв үүнээс болж эрсдэл гарвал хэн хариуцах вэ. Монголд Х.Нарантуяа сувилагч шиг олон мянган эмч сувилагч, эмнэлгийн ажилтнууд бий. Утааны уршгийг тэд үүрч явна. Өнөөгийн нийгмийн нөхцөл байдал тэднийг хүүхэдгүй юм шиг ажиллах, ажилгүй юм шиг хүүхэд асрахыг шаардаж байна. Гэвч эрүүл мэндийн ажилтнуудын ажил амьдралын тэнцвэртэй байдал аль хэдийнээ алдагдсаны илрэл.

Тэд дахиад гэртээ ганцаараа үлдэхгүй…

2022 оны судалгаанаас үзэхэд Монгол улсад оршин суугаа 3.253.3 мянган хүн бий. Үүнээс эрүүл мэндийн салбарт нийт 56.5 мянган ажиллагсад эмнэлгийн тусламж үзүүлж байгаагаас 22 хувийг их эмч, 23.2 хувийг сувилагч, 4.7 хувийг эм зүйч, 3.3 хувийг бага эмч, 2.3 хувийг удирдах ажилтан, 2.3 хувийг лабораторийн техникч эзэлж байна.Үүний цаана эмнэлгийн аж ахуйн албаны хэчнээн мянган ажилчид бий.

Тэд ямар ачаалалтай байдгийг хүүхдийн нэг эмчийн ачааллаас авч үзье

Хүүхдийг үзэх хугацаа 10-20 минут. Амралтын өдөр нэг эмч 50 гаруй хүүхдэд үйлчилдэг байна. Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасгаар амралтын өдрүүдэд 200 орчим хүүхэд эмнэлгийн тусламж үйлчилгээ авдаг. Ингээд энэ дэгдэлтийн үед нэмэлтээр 1-2 эмч, сувилагчийг ажиллуулдаг байна.Үүний цаана 3-4 хүүхэд гэртээ үлдэх шаардлага гардаг.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг 650 гаруй ажилчинтай.  85 орчим хувь 35 хүртэлх насны залуучууд. Тэдний 80 орчим хувь нь  бага насны хүүхэдтэй. Тэдний дунд  ажиллаж амьдрахын тулд хотын зүүн захаас баруун зах хүртэл явдаг нэгэн ч бий. Тэгвэл эмнэлгийн ажилчид түгжрэл, утаа, ажлын ачаалал гээд олон хүчин зүйлээс стрессдэх, сэтгэл гутралд орох гэх мэт сөрөг хүчин зүйлс гарч болох учир удирдлагын зүгээс ажилчдаа сэтгэл ханамжтай ажиллахад  анхаарч шаардлага ч бий болж байна.

Иймд Сонгинохайрхан нэгдсэн  эмнэлгийн ажилчид хүүхдээ дэргэдээ авчирч тав тухтай ажиллах нөхцлийг бүрдүүлж чадсан улсын анхны эмнэлэг болж үлгэрлэв.

Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн харьяа “Бяцхан эрдэмтэн” өдөр өнжүүлэх төв

Эмнэлгээс 200 хүрэхгүй метр “Бяцхан эрдэмтэн” өдөр өнжүүлэхийг нээжээ. Энд хүүхдүүд  жилийн 4 улиралд ирж хөгжиж, амарч, хөгжилдөж байх юм. Магадгүй энэ өдөр өнжүүлэх нээгдснээр хүүхдүүд “Дахиад би ганцаараа үлдэхгүй” гээд өрөө, өрөө дамжин гүйнэ.

Тус өдөр өнжүүлэхийн дотор засал, дизайн, тохижилт зэргийн эмнэлгийн ажилчид өөрсдөө хийсэн гэх. Ном болон тоглоомоор тохижуулж, ханаа хүүхэлдэйн баатраар чимэглэсэн  өрөөнүүдийг харсан хүүхдүүдийн нүд сэргэж, сэтгэл нь баясаж байгааг харах эцэг эхчүүд нүүрэндээ инээмсэглэл тодруулан зогсоно.

Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн харьяа “Бяцхан эрдэмтэн” өдөр өнжүүлэх төв

Б.Олонбаяр: Утаанаас болж их  ачаалал  үүрч байгаа эмнэлгийн ажилчдаа аз жаргалтай байлгахад анхаардаг

“Утаа бол эмч нарын байтугай бүх нийтийн шүдний өвчин боллоо. Утаа, түгжрэл гээд их стрессийн хажуугаар ажилчид маань хүүхдээ сургууль цэцэрлэгт нь хүргэж  өгөх цаашлаад хүүхдийг харгалзах хүнгүйгээс ажлаа тайван хийж чадахгүй үе бий. Тиймээс ажилтнаа аз жаргалтай, тогтвортой ажиллуулахын  тулд нийгмийн асуудлыг нь шийдэж явах нь чухал. Тэр дундаа эрүүл мэндийн байгууллагын ажилчид ачааллаас үүдэн  хүмүүст байнга загнуулж, дайралтад өртдөг. Энэ үед ажлаас халшрах хам шинжид өртөх бүр цаашлаад сэтгэл гутралд орох ажиллах урам зориггүй болдог. Тиймээс утааны улмаас эмч эмнэлгийн ажилчдын ачаалал 2 дахин нэмэгдсэн тул бид хүндэтгэлтэй хандах хэрэгтэй” гэлээ. Харин Сонгинохайрхан нэгдсэн эмнэдгийн ажилчдын хувьд хүүхдээ хаана хэнд найдаж үлдээх вэ гэдэг тулгамдсан асуудал нь байсныг ийн шийдэж чадсанд олон ажилтан баяртай байгаагаа илэрхийллээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *