Өмнөд Солонгосын залуу үеийнхэн утасны дуудлагаас айх эмгэгт өртөх болжээ. Тэд утсанд нь дуудлага ирэх үед авахаас эмээдэг бөгөөд танихгүй дугаараас дуудлага ирсэн тохиолдолд хариу өгөхгүй байхыг илүүд үздэг байна. Гэвч ганц Солонгос гэлтгүй манай улсад ч ийм эмгэгтэй хүн олширч байна.
“Би утсаар ярих дургүй. Утсанд дуудлага ирэх үед сэтгэл түгшээд, айх мэдрэмж төрдөг. Гэнэт ирсэн дуудлагад яаж хариулахаа мэддэггүй” гэж олон хүн хэлж байв. Утсаар ярихаас илүүтэй мессежээр харилцах нь тэдэнд амар санагддаг гэнэ.
Олон улсад энэхүү айдсыг “Call phobia” хэмээн нэрлэжээ.
Энэ төрлийн эмгэгтэй хүмүүст утсаар ярих үед сэтгэл түгших, зүрхний цохилт нь ихсэх зэрэг шинж тэмдэг илэрдэг гэнэ.
Үнэхээр сэтгэл түгших, утасны дуудлагаас айх эмгэг гэж байдаг уу? Үүнийг яг эмгэг гэж нэрлэх нь зөв үү гэдгийг сэтгэлзүйчээс тодрууллаа.
Сэтгэлзүйч Б.Хишигдэлгэр: “Утсаар ярихаас эмээдэг, дуудлага ирэх үед түгших айх мэдрэмж авдаг хүмүүс байдаг. Сүүлийн жилүүдэдийм эмэгтэй хүн олширч байгаа. Үүнийг эмгэг гэж хэлж болохгүй юм шиг надад санагддаг. Утсаар ярихаас төвөгшөөдөг хүмүүсийг хэд хэдэн хүчин зүйлээр ангилж болно. Жишээ нь: Байнга утсаар харилцдаг үйлчилгээний ажил хийдэг хүмүүс. Эсвэл онлайн покер бит тоглоод, өрөнд орсон хүмүүс. Өдөр шөнөгүй хүн мөнгө нэхээд, залгаад байхаар мэдээж утасны дуудлагаас айдаг болно. Дараа нь нийгмийн стресс бухимдал, амьдрах орчин нөхцөл их хамаарна. Энэ мэтчилэн маш олон хүчин зүйл хүнийг утсаар ярих дургүй болгож байгаа. Гэхдээ энэ нь эмгэг биш, энгийн үзэгдэл. Утсанд нь дуудлага ирэх үед тайван хүлээж авах, урт амьсгал авах, ойр дотно хүмүүстэйгээ хэдэн минут ч болтугай ярих зэргээр түгшүүрийг даван туулах арга бий. Харин эдгээр аргыг хэрэглээд, үр дүнгээ өгөхгүй бол мэргэжлийн сэтгэлзүйчид хандах нь зөв” гэж зөвлөлөө.
Манай улсад одоогоор сэтгэл түгших эмгэгийг судлаагүй бөгөөд хэдэн хувьд нь ямар шинж тэмдэг илэрч байгааг мэдэх боломжгүй байна. Утасны дуудлагаас айх үзэгдэлд гадаадын улс орнууд ихээхэн анхаарч, судалгаа, шинжилгээ хийж эхэлжээ. Өнгөрсөн онд БНСУ-ын “Alba Heaven” хэмээх сайт Z үеийн 1496 хүний дунд ийм судалгаа явуулжээ. Судалгаанд оролцогчдын 35.6% нь “Call phobia”-ийн шинж тэмдэгтэй байсан нь өмнөх жилийнхээс 5.7 хувиар өссөн үзүүлэлт аж. “Call phobia” нь эмэгтэйчүүдийн дунд түгээмэл ажиглагддаг бөгөөд судалгаанд оролцсон эрчүүдийн 20.9, эмэгтэйчүүдийн 75.9 хувь утасны дуудлагаас айдаг болох нь тогтоогджээ. Тус улсын зарим хүнд ээжээс нь дуудлага ирэхэд хүртэл хэцүү санагддаг гэнэ.
Харин АНУ-ын судалгаанд оролцсон Z үеийнхний 90% нь утасны дуудлагад хариу өгөхөөс эмээдэг юм байна.
Мэргэжилтнүүд “Call phobia” нь сэтгэцийн эмгэг биш бөгөөд эмчилгээ шаардлагагүй гэж үздэг аж. Үүнийг даван туулахын тулд ярилцахад таатай байдаг хүнтэйгээ богино хугацаагаар сайн сайхан зүйлс ярилцах байдлаар утсаар ярих цагаа аажмаар нэмэхийг зөвлөдөг байна.
Бид өглөөнөөс орой болтол түгжирч, униартсан их утаан дунд ханиалгаж цацаж амьдардаг. Сэтгэл түгших буюу утасны дуудлагаас айхад нийгмийн стресс бухимдал нөлөөлдөг гэж сэтгэлзүйч хэлсэн. Тэгвэл манай улсын түгжрэл, утаа униар нь утасны дуудлагаас айх, сэтгэл санаанд өөрчлөлт ороход нөлөөлж байгааг үгүйсгэхгүй.