-“Эрэл групп” Монголын барилгын салбарт 35 жилийн түүхтэй тэргүүлэгчдийн нэг. Танай үйлдвэрийн онцлог, давуу тал юу вэ?
-Манай “Байшин Үйлдвэрлэх Комбинат-1” (БҮК-1) үйлдвэр нь бүрэн автомат Европын дэвшилтэт технологитой, нарийвчлал өндөртэй, байгальд ээлтэй. Жишээ нь, манай гадна хананы цех Германы тоног төхөөрөмжтэй бол дотор хананы цех Итали улсынх. Мөн бид Бельги улсын тоног төхөөрөмжөөр урьдчилж хүчитгэсэн хучилтын хавтан үйлдвэрлэдэг. Үр дүнд нь манай барилга Монгол Улсад мөрдөгдөж байгаа “Барилгын дулаан хамгааллын норм дүрэм”ийн шаардлагыг 20 хувиар давуулдаг буюу энэ нь олон улсад мөрдөгддөг ногоон барилгын сертификат авах шаардлагыг хангадаг юм. Мөн жилийн аль ч улиралд ажиллах боломжтой бөгөөд барилгын зардлыг 30 хувиар бууруулдаг нь Монголын барилгын салбарт онцгой давуу тал болж байна.
-Улаанбаатарын агаарын бохирдол ба гэр хорооллын өнөөгийн нөхцөл байдлыг танай технологи шинэчлэхэд ямар үүрэг гүйцэтгэх вэ?
-Улаанбаатарын хүн амын 60 хувь нь гэр хороололд амьдардаг. Харамсалтай нь тэдний 80 хувь нь цэвэр ус, бохир ус, дулааны шугамын дэд бүтэцгүй байна. Энэ нь агаарын бохирдлын 80 хувийг үүсгэж байгаа бөгөөд Улаанбаатар дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотуудын нэг болжээ. Дэлхийн банкны судалгаагаар гэр хорооллыг шинэчлэх замаар 2025 он гэхэд 500,000 иргэнийг эрчим хүчний хэмнэлттэй, орчин үеийн орон сууцанд шилжүүлэх боломжтой гэж үзсэн. Энэ бол бидний шийдэлд хэрхэн хувь нэмэр оруулахыг тодотгож буй томоохон зорилт юм.
Бидний үйлдвэрлэж буй угсармал барилгын хавтангууд нь дулаан хадгалах чадвараар 20 хувиар илүү, усны хэрэглээг 20 хувиар бууруулах давуу талтай. Мөн орон сууцны барилгын зардлыг 30 хувиар бууруулж, илүү хямд өртгөөр олон өрхийг орчин үеийн орон сууцанд шилжүүлэх боломжийг бүрдүүлнэ. Энэ нь зөвхөн барилгын компаниудад төдийгүй айл өрхүүдийн санхүүгийн дарамтыг багасгадаг, эерэг нөлөөтэй.
Манай үйлдвэр жилд 5000 айлын орон сууц барих хүчин чадалтай. Энэхүү давуу тал нь гэр хорооллын айл өрхүүдийг богино хугацаанд, өртөг багатайгаар орчин үеийн, дулаан алдагдалгүй, эрчим хүчний хэмнэлттэй сууц руу шилжүүлэх боломжийг бүрдүүлж байна. Ингэснээр зөвхөн агаарын бохирдол буураад зогсохгүй оршин суугчдын амьдралын чанар, санхүүгийн байдал, эрүүл мэнд сайжирна.
-Танай бүтээгдэхүүнийг бусад барилгын компаниуд ашиглах боломжтой юу, Мөн хэрхэн эрчим хүчний хэмнэлтэй байх вэ?
-Манай угсармал хавтангууд бусад барилгын компаниудад төслийн хугацааг богиносгож, өртгийг бууруулах шийдэл болж өгнө. Бид бүтээгдэхүүнээ зах зээлийн бусад тоглогчдод нийлүүлж, хамтын бүтээн байгуулалтыг дэмжихэд бэлэн. Манай үйлдвэрийн бүрэн автомат технологи нь хүний алдааг багасгаж, материалын хаягдлыг арил гаж, барилгын өртгийг мэдэгдэхүйц бууруулахад хувь нэмэр оруулдаг. Үйлдвэрийн өндөр нарийвчлалтай бүтээгдэхүүнүүд дулаан алдагдлыг багасгаж, эрчим хүчний хэрэглээг бууруулдаг учраас ногоон барилга, эко хот байгуулахад онцгой ач холбогдолтой.
Жишээ нь, манай үйлдвэрт урьдчилан угсарсан х автангууд талбай дээр нэмэлт өнгөлгөө шаардлагагүй тул барилгын ажлын хугацааг мэдэгдэхүйц багасгадаг. Энэ бүх шийдэл нь чанартай, бат бөх барилгыг хямд өртгөөр, богино хугацаанд барих боломжийг олгож байна. Түүнчлэн, манай үйлдвэр Хан-Уул дүүрэгт, хотын төвд ойр байрладаг бөгөөд түүхий эдийн ихэнхийг дотоодоос хангаж, тээвэрлэлтийн зардлыг багасгаснаар байгальд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулдаг. Манай бүтээгдэхүүнүүд байгалийн гамшиг, гал, цаг агаарын эрс тэс нөхцөлд тэсвэртэй, урт хугацааны эдэлгээтэй.
-Дэлхийн банк гэр хорооллыг дахин төлөвлөж, уур амьсгалд тэсвэртэй, ногоон хот болгон шинэчлэхэд 3.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдана гэж үзсэн. Танай компанийн оролцоо хэрхэн дэмжлэг болох вэ?
-Манай үйлдвэр нь дотоодын эх үүсвэрээ бүрэн ашиглаж, дэвшилтэт технологио нэвтрүүлснээр хөрөнгө оруулалтын зардлыг хэмнэх чухал хувь нэмэр оруулж байна. Бид олон улсын байгууллагууд болон банк санхүүгийн салбартай хамтран, тогтвортой хөгжлийн зорилтуудтай нийцсэн төсөл хэрэгжүүлэхэд бэлэн.
Жишээлбэл, бид “Цайз Эко Хотхон” төслийг 2021 онд амжилттай хэрэгжүүлсэн. Гэр хорооллын таван айлыг нүүлгэн шилжүүлж, эрчим хүчний хэмнэлттэй, хямд өртөгтэй 20 айлын орон сууц барьсан. Бид Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг, НОСК, ТоС Холбоо, Голомт банк, Капитрон банк, Худалдаа Хөгжлийн Банк зэрэг түншүүдтэй хамтран ажиллаж, анхны ногоон ипотекийн зээлийг банкуудад нэвтрүүлсэн. Тус айлуудын байрны урьдчилгаанд 18 сая төгрөгийн буцалтгүй тусламж олгож, 8-12 хувийн хөнгөлөлттэй зээлд хамруулсан.
Энэхүү төсөл нь ногоон ипотекийн санхүүжилтийн анхны туршлага болж, арилжааны банкуудад ч шинэ жишиг тогтоосон.
-Сүүлийн жилүүдэд өөр танай хэрэгжүүлсэн томоохон төслүүдийг дурдвал?
-Манай үйлдвэрээр бүтээн байгуулсан төслүүдээс дурдвал:
- 2018 онд Гандантэгчинлэн хийдийн 240 ламын дотуур байр,
- 2019 онд Тахилтын эрчим хүчний хэмнэлттэй цэцэрлэг,
- 2022 онд “Цайз Эко Тотхон” төслийн 20 айлын орон сууц амжилттай хэрэгжүүлсэн.
Эдгээр төслүүд нь эрчим хүчний хэмнэлттэй, дулаан алдагдал бага, чанарын өндөр түвшинд хийгдсэн бөгөөд орон сууцжуулах хөтөлбөрт үнэтэй хувь нэмэр оруулсан.
-Та олон улсын болон төрийн байгууллагуудад хандаж юу хэлэхийг хүсч байна вэ?
-Би Европ Монголын Хамтарсан Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын “Тогтвортой хөгжил ба Эрчим хүч” ажлын хэсгийн даргаар ажилладаг. Энэ үүрэгтээ бид зөвхөн асуудлыг хэлэлцэхээс гадна бодит шийдэл боловсруулж, Монгол Улсад илүү тогтвортой ирээдүйг бий болгохыг зорьж байна.
Агаарын бохирдол бол статистик тоо биш, бидний өдөр тутмын амьдралд үзүүлж буй бодит аюул юм. Монголын ирээдүйг ногоон, тогтвортой болгохын төлөө төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагууд хамтран ажиллах шаардлагатай.
Тогтвортой, ногоон ирээдүйг хамтдаа бүтээхийг уриалж байна.