2013 оны зонхилон тохиолдох сэтгэцийн эрүүл мэндийн судалгааг 1984-1992 онтой харьцуулахад стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэг 10 дахин нэмэгджээ. Үүний дунд сэтгэл түгшилт 18 хувьтай, архаг ядаргаа нойргүйдэл 17 хувийг эзэлж байгаа юм. Мөн Монгол Улсад өнөөдрийн байдлаар 15-30 насныхны амиа хорлолт өндөр. Сургуульд суурилсан судалгаагаар суралцагчдын 30 хувь нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай, дөрвөн хүүхэд тутмын нэг нь амиа хорлох талаар бодож байгаа бол 10 хүүхэд тутмын нэг нь амиа хорлох оролдлого хийж байсан гэх тоо баримт байна. Ерөнхий боловсролын сургуулиудын 20 хүрэхгүй хувь нь сэтгэл зүйчтэй. Иймд сургуулиудад сэтгэл зүйчдийн тоог нэмж өсвөр насны хүүхдүүд болон залуучуудын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах асуудалд анхаарах шаардлагатай гэж мэргэжилтнүүд үзжээ.
Улсын их хурал эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлд Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байгааг Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан хэлсэн.
Түүнчлэн мэдрэл сэтгэцийн эрүүл эмгэгийг оношлох асуумж , судалгааг тодорхой давтамжтай хийж, сэтгэцийн эрүүл мэндийн талаарх цаашдын бодлогыг тодорхойлоход талууд анхаарах шаардлага үүссэн гэж үзэж буй.