Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Азийн бүтээмжийн байгууллага, Монголын бүтээмжийн холбоо хамтран үндэсний бүтээмжийн үзэл баримтлалыг тодорхойлж, ү ндэсний хэмжээнд бүтээмжийн хөдөлгөөнийг эрчимжүүлэх зорилго бүхий БҮТЭЭМЖИЙН ХУВЬСАЛ чуулганыг өчигдөр зохион байгууллаа.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Б.Энх-Амгалангийн мэдээлснээр, өнөөдрийн байдлаар Монгол Улсын хөдөлмөрийн дундаж бүтээмж дэлхийн дунджаас 3.6 дахин, БНСУ-аас 5.4 дахин бага байгаа ажээ.
Хөдөлмөрийн бүтээмж, цалин хөлс шууд хамааралтай. Монгол Улсад уул уурхай, мэдээлэл технологийн салбар хамгийн их бүтээмжтэй, цалин өндөр тул салбарынхан бүтээмжийн хувьсгал өрнүүлж, төр, хувийн хэвшлийн бүх түвшинд бүтээмжийг нэмэгдүүлэх бодлого, зохицуулалт, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөж буй юм байна.
Оюуны хөдөлмөрийг дэмжиж, цахим болон зайнаас ажиллах ажлын байрыг нэмэгдүүлж, монгол хүний хөдөлмөрийн бүтээмж, цалин хөлсийг жил бүр нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүх түвшинд баримталсан зохистой ажлын байртай болгож, бүтээмжийн экосистем бий болгох юм байна.
Д.Эрдэнэ