Дунд сургууль руу бүлэглэн халдсан тухай хэлэлцлээ


Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Радио, телевиз, сайтын ёс зүйн хорооны 2024 оны IV улирлын хурал 12 дугаар сарын 5-нд болж, 1 гомдол гаргагчаас 4 редакцад хаяглан ирүүлсэн гомдлыг хэлэлцлээ. 

Редакцуудын бэлтгэн түгээсэн мэдээлэл нь үл хөдлөхийн маргаанаас үүдэн нэгэн дунд сургуулийн хичээл тасалдсантай холбоотой байв. Тодруулбал: “Smart” дунд сургуулийн үйл ажиллагаа хариуцсан захирал Ш.Хэрлэн гэх хүн хэвлэл мэдээллийнхэнд хандан, тус сургууль руу бүлэг хүн халдаж багш, сурагчдыг сургууль руу оруулахгүй, саад болж буй талаар мэдээлэл өгчээ. Ингэхдээ сургуулийн барилгын нэг давхрыг худалдсанаас үүдсэн өмчийн маргаан үүсэж, шүүхээр шийдвэрлүүлж байгаа тухай, удаа дараа сургалтын үйл ажиллагаанд саад учруулсан талаар дурдсан байна. Мөн өмчийн маргаан үүсэхээс өмнө “Smart” сургуулийн барилгыг олны танил хүн эзэмшиж байсан тухай хэвлэл мэдээллийнхэн дурджээ.

Тухайн нэр нь дурдагдсан иргэний зүгээс редакцууд өөрийг нь сургууль руу бүлэглэн халдсан мэтээр мэдээлсэн, нэр төрд нь халдсан хэмээн Хэвлэл мэдээллийн зөвлөлд гомдол гаргасан байна. 

Ёс зүйн хороо дээрх гомдлыг нягтлан хэлэлцээд, ТВ9 телевиз болон gogo.mn сайтын бэлтгэн түгээсэн мэдээллүүдэд гомдол гаргагч иргэн сургуулийн үйл ажиллагааг хүчээр таслан зогсоохыг оролдсон, бүлэглэн халдсан гэх агуулга байхгүй, ташаа мэдээлэл түгээгээгүй, ямар нэгэн байдлаар хэн нэгний нэр төр, алдар хүндэд халдаагүй, буруутгаагүй, тухайн цаг үед үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлсэн тул  ёс зүйгээ баримтлан ажилласан гэж дүгнэв.

Харин inews.mn сайтын редакцын бэлтгэн түгээсэн ярилцлагад хэн нэгнийг буруутгасан, бусдын нэр төр, алдар хүндэд халдсан агуулга байхгүй хэдий ч тухайн асуудалд шууд хамааралтай бус хүмүүсийн гэрэл зургийг ашигласан нь хүнлэг ёс, хүн чанарыг эрхэмлээгүй үйлдэл гэж үзсэн тул “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын 1-т заасан “Олон түмэнд үнэнд нийцсэн мэдээлэл хүргэх, хүнлэг ёс, хүн чанарыг эрхэмлэх нь сэтгүүл зүйн эрхэм дээд үнэт зүйл мөн. Мэдээллийг нягтлах нь сэтгүүл зүйн нягт, нямбай үйл ажиллагааны үндсэн зарчим болно” гэснийг зөрчсөн байна хэмээн дүгнэсэн.

Isee.mn сайтын редакцын бэлтгэн түгээсэн мэдээний гарчиг болон агуулгад нэр нь дурдагдсан иргэнийг “сургуулийн барилгыг давхар худалдсан” хэмээн мэдээлсэн хэдий ч түүнийгээ баримтаар баталгаажуулаагүй, тухайн иргэнийг илтэд буруутгасан агуулга байсан тул “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын 1-т заасан “Олон түмэнд үнэнд нийцсэн мэдээлэл хүргэх, хүнлэг ёс, хүн чанарыг эрхэмлэх нь сэтгүүл зүйн эрхэм дээд үнэт зүйл мөн. Мэдээллийг нягтлах нь сэтгүүл зүйн нягт, нямбай үйл ажиллагааны үндсэн зарчим болно”, 1.8-д заасан “Буруутгагдсан, шүүмжлэгдсэн этгээдэд тайлбар өгөх боломж олгоно” гэснийг зөрчсөн байна гэж үзлээ. Тус сайт нь уг гомдолтой холбоотой хариу тайлбар ирүүлээгүй. 


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *