Нигерийн Ибадан хотын зул сарын баярт зориулсан арга хэмжээний үеэр 30 гаруй хүүхэд олны хөлд даруулан амиа алджээ


Африкийн Нигери улсын Ибадан хотод 35 хүүхэд олны хөлд дарагдаж амиа алдсан харамсалтай үйл явдал болсон байна.

Зул сарын баярт зориулсан арга хэмжээний үеэр хүүхэд багачуудыг үнэгүй хоол ундаар дайлж, бэлэн мөнгө бэлэглэх болно хэмээн зохион байгуулагчдынх нь зүгээс сурталчилсан тус арга хэмжээнд 5 мянга гаруй хүүхэд, багачуул цуглараад байсан бөгөөд зохион байгуулагчдыг баярын үйл ажиллагааг эхлүүлэх үед дээрх харамсалтай хэрэг явдал гарчээ.

Тодруулбал, зохион байгуулагчдын зүгээс 5000 хүүхдэд хүүхэд бүрт 5000 найра буюу 10000 төгрөгтэй тэнцэх бэлэн мөнгө бэлэглэж, үнэгүй хоол ундаар дайлна хэмээн сурталчилсан бөгөөд арга хэмжээнд хүүхдээ оролцуулахаар эцэг, эхчүүд лхагва гаригийн өглөөний 5 цагт ирж, урт дараалал үүсгэж эхэлсэн байна.

Хотын цагдаагийн газраас гаргасан мэдэгдэлд 35 хүүхэд олны хөлд даруулж амиа алдсан бол 6 хүүхэд эмнэлэгт хүргэгдсэнийг дурьдсан байна.

Түүнчлэн ямар ч аюулгүй байдлын арга хэмжээ аваагүй зул сарын баярын дээрх арга хэмжээг зохион байгуулсан явдалтай холбогдуулан найман хүнийг баривчилсны дотор Ибадан хотдоо нэр хүндтэй Наоми Силекунола гэгч эмэгтэй мөн багтжээ.

Нигери улсын ерөнхийлөгч Бола Тинубу болсон үйл явдалд харамсч байгаагаа илэрхийлж, үр хүүхдээ алдсан эцэг эхчүүдэд эмгэнэл илэрхийлэхийн сацуу хэрэг явдлыг сайтар мөрдөн шалгаж, хариуцлага тооцох тушаалыг холбогдох байгууллагуудад өгсөн байна.

Нигери улс түүхэнд байгаагүй маш хүнд эдийн засгийн хямралыг даван туулж байгаа үед үнэгүй хоол, бэлэн мөнгө амласан арга хэмжээнд ийнхүү 10 мянга гаруй хүн цугларснаар уг харамсалтай хэрэг явдал гарчээ. Үүнээс өмнө мөн өнгөрсөн 2 болон 3 сард үнэгүй будаа, хоол унд тараана гэсэн үүнтэй төстэй хэрэг явдлууд гарч, 20 орчим хүн амиа алдсан байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *