Нөхөр нь эхнэрээ нойрсуулан хүчиндэж, мөн он удаан жилийн турш олон арван хүнд хөлсөөр эхнэрээ хүчиндүүлж байсан хэргийн шүүх хурлын шийдвэр пүрэв гаригт гарсан байна.
Олон нийтэд ил болсноосоо хойш дуулиан, шуугиан тариад байсан энэхүү хүчингийн хэргийн хохирогч болох Жизель Пелико-гийн салсан нөхөр, 72 настай Доминик Пелико-д Францын өмнөд хэсгийн Авиньон хотын шүүхээс хорих ялын дээд хэмжээ буюу 20 жилийн ял сонсчээ.
Доминик Пелико шүүхийн танхимд ялын шийдвэрийг сонсох үеэрээ уйлж суусан байна. Тэрээр хэрэгт холбогдогч өөр бусад 50 эрэгтэйн хамтаар ял сонссон бөгөөд тэдгээр эрчүүдийн ялын хэмжээ хоорондоо ялгаатай байв.
Шүүхийн шийдвэрийг танилцуулахын өмнө шүүхийн гадна олон нийт цугларч, хохирогчийг дэмжсэн, хүчингийн хэргийг эсэргүүцсэн уриа лоозон барин жагссан байна. Францын болон олон улсын хэвлэл мэдээллийн агентлагуудын олон зуун сэтгүүлч, сурвалжлагч нар мөн пүрэв гаригийн шүүхийн шийдвэрийг мэдээлэхээр цугларсан байна.
Франц улсын түүхэнд дэх хамгийн том хүчингийн хэргийн шүүх хурал ийнхүү 3 сар гаруйн хугацаанд үргэлжлэн явагдсанаар дууслаа.
Хэргийн хохирогч хатагтай Пелико “эрэгтэй, эмэгтэй хүмүүс бие биенээ харилцан хүндэтгэдэг сайхан цаг ирнэ гэдэгт итгэдгээ” хэлж, түүнийг дэмжсэн хүн бүрт чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлжээ.
Харин 20 жил хоригдох ял сонссон Доминик Пелико шүүхийн шийдвэрийг давж заалдах эсэхээ бодож үзнэ гэдгийг түүний өмгөөлөгч хэлсэн байна. Хуулийн дагуу түүнд давж заалдах эсэхээ шийдэх 10 хоногийн хугацаа байгаа ажээ.