Их Британийн боксчин Тайсон Фюри, Украины аварга Олександр Усик нарын хоорондох хоёр дахь тулаан 21-ний бямба гаригт буюу маргааш Саудын Араб улсад зохион байгуулагдах гэж байна.
Тэдний эхний тулаан энэ оны 5-р сарын 18-ны өдөр мөн л Саудын Араб улсын Эр-Рияд хотноо болж байсан бөгөөд ширүүн өрнөсөн тэрхүү тулаанд Олександр Усик шүүгчдийн хуваагдсан саналаар ялалт байгуулж, тэр даруй давтан тулааны яриа гарч эхэлсэн юм.
Хүнд жингийн аваргуудын тулааны өмнө боксын спортын түүхэн дэх хамгийн удаан нүүр тулж, ширтэлцсэн үйл явдал мөн болоод байна. Тулааны спортын томоохон арга хэмжээний өмнө тулаанчид хоорондоо нүүр тулах нь уламжлал болсон байдаг. Харин энэ удаад Тайсон Фюри, Олександр Усик нар хоорондоо 11 минут 20 секундын турш нүүр тулсан нь ийнхүү олны анхаарлыг татсан үйл явдал боллоо.
Тэд пүрэв гаригт зохиогдсон хэвлэлийн бага хурлын дараагаар хоорондоо нүүр тулсан юм.
2024 оны боксын спортын хамгийн сүүлчийн, хамгийн том тулааныг DAZN платформоор шууд дамжуулах бөгөөд оргил тулаан болох Тайсан Фюри, Олександр Усик нарын тулааны өмнө дараах тулаанууд болох болно.
- Мозес Итаума – Демси Маккин
- Сергей Бохачук – Ишмаэл Дэвис
- Жонни Фишер – Дэвид Аллен
- Петер МакГрэйл – Райс Эдвардс
- Айзэк Лоув – Ли МакГрегор
- Дэниэл Лапин – Дилан Колин
- Андрей Новицкий – Эдгар Рамирез