Умард болон өмнөд Европын орнуудын удирдагчдын чуулга уулзалт Финланд улсын уугуул сами ястны нийслэл гэгддэг Инари хотноо зохион байгуулагдлаа.
ЕХ-ны удирдагчдын чуулга уулзалтын үеэр ЕХ-ын аюулгүй байдлын асуудлын талаар голлон хэлэлцсэн ба ЕХ-ны дээд төлөөлөгч Кайа Каллас Оросын шууд аюул заналхийллийн талаар тодотгож, батлан хамгаалах салбарыг улам бэхжүүлж, энэ салбар дах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг онцолжээ.
Хоёр долоо хоногийн өмнө Европын Батлан хамгаалах агентлагаас 2023 оны Батлан хамгаалах салбарын тайлан мэдээ буюу ЕХ-ны бүх 27 гишүүн орны батлан хамгаалахын төсөв, зардлын талаарх тайланг гарган танилцуулсан юм. Тайланд дурьдсанаар 2023 онд ЕХ-ны батлан хамгаалах салбарын нийт төсөв 279 тэрбум евро байсан нь өмнөх оноосоо 10 хувь өссөн, мөн 9 жил дараалан зогсолтгүй өсөлттэй гарсан, түүхэн дээд хэмжээг тогтоосон гэжээ. ЕХ-ны 22 гишүүн орны батлан хамгаалахын төсөв зардал нэмэгдсэн бөгөөд 11 орны төсөв 10 хувиар нэмэгдсэн байна. Ялангуяа ОХУ-тай хиллэдэг Польш, Эстони, Латви зэрэг улс орнууд батлан хамгаалахын төсвөө 2023 онд 3 болон түүнээс дээш хувиар нэмэгдүүлжээ.
Түүнчлэн ирэх сарын сүүлээр ерөнхийлөгчийн тангараг өргөж, албандаа орох гэж байгаа Д.Трампын засаг захиргааны Украины дайнтай холбоотойгоор явуулах бодлого, шийдвэрийг мөн ихэнх гишүүн орнууд нь НАТО-д гишүүнчлэлтэй ЕХ-ны удирдагчид анхааран хүлээж байна.
Энэ талаар Италийн ерөнхий сайд Жиоржиа Мелони сэтгүүлчдийн асуултанд хариулахдаа “миний бодлоор бид Д.Трампын Украины талаар хэлсэн үг бүрийг, түүнтэй холбоотой цуурхал бүрийг дагаад яваад байх шаардлагагүй, энхийн яриа хэлэлцээний асуудал дээр Украиныг хаяж орхигдуулж болохгүй, тиймээс АНУ-ын шинэ ерөнхийлөгчийн жинхэнэ цаад санааг ойлгож мэдэх хүртлээ хүлээх хэрэгтэй гэж бодож байна” хэмээн хэлжээ.