2 жил дараалан, 3.1-3.8 тэрбум төгрөг илүү зарцуулсан байна
Байгаль орчин, уур амьсгалын санд 2023 онд улсын төсвөөс 691.7 сая төгрөг хуваарилсан байтал 4.1 тэрбум төгрөг зарцуулжээ. 3.5 тэрбум төгрөг илүү гаргачихсан байгаа биз. Тэгвэл 2024 онд улсын төсвөөс 707.9 сая төгрөг төсөвлөсөн атал 3.2 тэрбум орчмоор хэтрүүлж, 3.8 тэрбум төгрөг зарцуулсан байна.
Улсын төсвөөс авсан мөнгөө хэтрүүлэн зарцуулдаг, өгөөгүй мөнгийг дур мэдэн нэмж үрдэг явдал Засгийн Газрын тусгай сангуудын хувьд жирийн, байдаг л явдал болжээ. Боловсролын зээлийн сан 2023 онд 691.7 сая төгрөг төсөвлөж, 4.1 тэрбум төгрөг зарцуулсан байна. 2024 онд 707.9 сая төгрөгийн төсөвтэй байсан атлаа 3.9 тэрбум төгрөг зарлагаджээ. Тус сан өнгөрсөн жил 3.4 тэрбум төгрөг энэ онд 3.1 тэрбум төгрөг илүү зарцуулсан байна.
Улсын төсвөөс өгсөн мөнгийг дор нь үрчхээд, өгөөгүй мөнгийг нэмж авах эрх Засгийн Газрын тусгай сангуудад байдаг ажээ. Тусгай эрхтэй юм байна л даа. Өгөөгүй мөнгийг яаж нэмж аваад байдаг нь сонин. Тухайн сангуудыг хариуцсан сайд нар, түүнийг зангиддаг Засгийн Газар үүнийгээ тайлбарлах ёстой.
Жилээс жилд улсын төсөв нэмэгдэж байгаа атал агаарын бохирдол, авто замын түгжрэл гэх мэт ужиг болсон асуудлаа Засгийн Газар шийдсэнгүй. Үүний учир Засгийн Газрын тусгай сангуудтай холбогдож мэдэхээр байна. Олох мөнгөнөөсөө илүү их зарлага гаргахаар Засгийн Газар төлөвлөн, алдагдалтай төсөв батлуулахаар УИХ-д оруулж ирдэг. Өнөө жил ч тэгэв. УИХ-ын зарим гишүүний шахаа, Ерөнхийлөгчийн хоригт орсон Засгийн Газар 2025 оны улсын төсвийг 2.1 их наядаар багасган, алдагдалгүй болгосон. Гэхдээ л 33.7 их наядыг өшөө багасгах боломж байсныг эдийн засагчид онцолж байна. Үүний нэг нь Засгийн Газрын тусгай сангууд. Гэвч багасгаагүй нь учиртай. Эрх баригчид тусгай санг халаастайгаа холбочихсон байдаг болоод тэр биз.
Тусгай сангууд 1 их наяд төгрөгийн найдваргүй авлагатай
Засгийн Газар 27 сантай. Үүний 13-ыг хуулийн дагуу, 14-ийг нь хуульгүйгээр шахам байгуулсан байна. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5.3-т “Тусгай сан дараах төрөлтэй байна” гэсэн заалт бий. Үүний доор сангийнхаа нэрийг бичээд л гүйцээ. Тусгай санг Засгийн Газар ингэж байгуулдаг. УИХ түүнийг нь зөвшөөрдөг байх юм.
Гэтэл яг энэ хуулийн 5.2-т “Тусгай санг хуулиар байгуулж, татан буулгана” гээд заачхаж. Хуулиар байгуулж байгаа мэт харагдуулдаг заалт нь дээрх 5.3 гэсэн заалт юм. Уг нь тусгай сангуудыг хуулиар тодорхой зохицуулахын тулд “Тусгай санг хуулиар байгуулж, татан буулгана” гэж заасан байдаг. Ингэвэл тухайн санг ямар мөнгөөр бүрдүүлэх, хэн, юунд, яаж зарцуулах нь тодорхой болно. Тэгвэл хянахад хялбар.
Гэвч хянуулахгүйн тулд л хуульгүйгээр тусгай сан байгуулж, төсөвлөж өгснөөс илүү их мөнгө тийшээ шилжүүлэн, зарцуулсаар 1 их наяд төгрөгийн найдваргүй авлагатай болчихлоо.
Эргээд хариуцлага тооцох эзэнгүй болгодог
Боловсролын зээлийн сангаас зээл олгох журмыг Засгийн Газар 1992 оноос хойших 32 жилийн хугацаанд 70-аад удаа өөрчилжээ. Зээл олгох журмын тухай 55 тогтоол гаргаж, 43 удаа журмыг өөрчлөн, 26 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Ингэж оролдсоор байгаад эх толгой нь алдагдаж, хэзээ юу болсныг мэдэхэд ч хэцүү болгожээ. Зориуд ингэж өөрчлөн, булхайгаа далдалдаг бололтой.
Үндэсний аудитын газар тус санг 2022, 2023 онд хязгаарлалттай гэж дүгнэсэн байна. Тус сангаас зээл авч, гадаадад суралцсан 462 оюутны 12.635 сая ам.долларын зээл, 159 оюутны 2.941 сая ам.долларын хүүг авч чадаагүй байгаа аж. Үүнээс 137 оюутнаар зээлийг нь хэзээ, яаж төлүүлэх хуваарь гаргалгүйгээр зээл өгчээ. Зээл олгох шийдвэрийг сайдын тушаалаар байгуулсан ажлын хэсэг гаргадаг. Ингэж сайдын тушаалаар байгуулсан зөвлөл, ажлын хэсгүүд маш их будилаан хутгаж, улсын төсвийг үрэн, эргээд хариуцлага тооцох эзэнгүй болгож байгаа юм.
Тусгай сангуудыг олон улсын аудитын байгууллагаар шалгуулъя
Спортыг дэмжих сангийн 2020-2024 оны мэдээлэл Засгийн Газрын “Шилэн данс”-нд алга. Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сангаас 2024.12.01-нд ганцхан удаагийн гүйлгээгээр 1 тэрбум 962 сая төгрөг шилжүүлжээ. Өөр ямар ч мэдээлэл байсангүй. Хөдөө аж ахуйг дэмжих санг 2023 оны 5 дугаар сард татан буулгасан ч үйл ажиллагаа явуулсан үеийнх нь орлого, зарлагын мэдээллийг нь ил байлгах учиртай. Соёл, урлагийг дэмжих сангийн нэрийг өөрчилсөн ч орлого, зарлагыг нь олон нийтэд мэдээлэх ёстой.
Тусгай сан нэрийн доор тусгайлан байгуулж, тусгайлан төсөв өгч, тусгайлан нууцалдаг ийм сангуудаар дамжуулан Засгийн Газар юу хийдэг нь ЖДҮХС, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Боловсролын зээлийн сангаас ил болсон. ЖДҮХС-гийн 5 жилийн хугацаатай, жилийн 3%-ийн хүүтэй, авснаасаа хойш жилийн дараа төлж эхэлдэг зээлийг Үндэсний аудитын газрын дарга, Монгол Улсын ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар “Цэн стайл” ХХК-даа, Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурц “Гранд степп” компанидаа авчихсан байв. Дотоодын байгууллагуудаар Засгийн Газрын тусгай сангуудыг шалгуулаад нэмэргүй гэдэг нь үүнээс харагдана. Тэгэхээр олон улсын аудитын байгууллагаар тусгай сангуудыг шалгуулах гарц үлдэж байна.