Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны Гүйцэтгэх захирал Ч.Эрдэнэбаттай ярилцлаа.
————————————————————————
–Евразийн эдийн засгийн холбоотой түр хэлэлцээр байгуулах асуудал анх хэзээнээс яригдаж эхэлсэн талаар ярихгүй юу?
-Манайхан 2015 оноос хойш хоёр талын төрийн дээд түвшний бүх уулзалтад энэ хэлэлцээрийг хийхийг хүсч ирсэн. Өнгөрсөн намар Путин ерөнхийлөгч ирээд, ондоо багтааж хэлэлцээрийг дуусгана гэж хэлээд явсан. Үүнээс хойш ЭЗХЯ, ХХААХҮЯ, ГХЯ-ны хүмүүс хэлэлцээр хийх бэлтгэл ажлаа хийж байгаагаа бидэнд хэлж ярьж байсан. Зарим арга хэмжээнд нь бид оролцож, санаа оноогоо өгч байсан.
-Энэ таван улсын нутагт нийлээд хэр том зах зээл байгаа вэ?
-Холбооны таван улс 182 сая хүнтэй. Нийт 375 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний татварыг тэглэнэ.
-Энэ гэрээг байгуулбал үндэсний үйлдвэрлэгчид элгээрээ хэвтэнэ гэж ойлгосон. Уулзалт, хэлэлцүүлгүүд ч болсон. Танай үйлдвэрлэгчдээс түүнд оролцсон уу?
-Уулзалтад ноос, ноолуур, арьс шир, махныхан байгаагүй. Хэдэн хүнсний үйлдвэрүүд оролцож, хэлэлцүүлэг хийгээд, эсэргүүцсэн байсан. Ямар зохион байгуулалт явс ныг мэдэхгүй. Зарим мэдээлэлийн эх сурвалжаас харахад УИХ гишүүн, Засгийн газрын гишүүд ч эсэргүүцэж байна. Бид үүнийг маш их гайхаж байна.
-Яагаад тэр вэ?
-Путиныг хэдэн сарын өмнө ирээд, зөвшөөрөөд явах үед яагаад энэ талаар яриагүй юм бэ. Яагаад дуугүй байж байгаад хэлэлцээр хийх болохоор эсэргүүцээд байгаа юм бэ. Үүнийг л сайн ойлгохгүй байна. Нөгөө талаар манай улс энэ том гүрнээс олон жил шийдээд өгөөч гэж хүсчихээд, зөвшөөрөнгүүт нь эсэргүүцээд болиулах гээд байгаа нь сонин санагдаж байна. Би салбарынхаа 20-иод үйлдвэрийн төлөөлөл, ШУТИС, ХААИС-ийн эрдэмтэн багш, эдийн засгийн судлаач нарыг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгуулж, тэдний байр суурийг сонссон.
Тэдэнтэй болон бусад холбоодтойгоо энэ талаар нэгдэж дуу хоолойгоо гаргая, хэвлэлийн бага хурал хийх хэрэгтэй гэсэн чиглэл өгсөн.
-Та бүхэн хэлэлцээр байгуулагдсан тохиолдолд ямар, ямар бүтээгдэхүүн нийлүүлэх боломжтой вэ?
-Манай улсаас гарах гол бүтээгдэхүүн ноос, ноолуур, арьс шир, мах, махан бүтээгдэхүүн. Энэ зах зээл бидэнд чухал хэрэгтэй байх үндэслэл нь нэгдүгээрт, хамгийн ойрхон. Хоёрдугаарт, цаг агаарын хувьд нэн тааламжтай. Гуравдугаарт, түүхэн хөгжил дөө хоёр талд бараа бүтээгдэхүүнээ хэрэглэж заншсан. Дөрөвдүгээрт, тэдний шаардлага хэрэгцээ нь бидэнд тааламжтай. Мөн энэ салбарын олон арван Оросын их, дээд сургуулиудад сурч, тэдний техник технологиор бид үйлдвэрлэлээ хөгжүүлж ирсэн түүхтэй.
-Монголд олон үйлдвэр байсан нь ч дампуурсан. Одоо бүтээгдэхүүнээ тогтмол үйлдвэрлэж байгаа ямар ямар үйлдвэрүүд байна вэ?
-Монгол Улсад үйлдвэрлэл хөгжсөн, ард иргэд нь ажилтай, орлоготой байсан цаг үед хивсний үйлдвэрүүд, эсгий, эсгий гутлын үйлдвэрүүд, нэхээсгүй эдлэл, Говь комбинат, оёдлын болон арьс шир, махны олон үйлдвэр ажиллаж, бүтээгдэхүүнээрээ дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, яригдаж буй зах зээлд нийлүүлж, орлогоор нь Монгол бүхэлдээ амьдарч байсан. Гэтэл өнөөдөр үйлдвэрүүд хүчин чадлынхаа 5-50 хувийг ашиглан, ард иргэд нь ажилгүй байгаа шалтгаан нь бүтээгдэхүүнээ борлуулах зах зээл байхгүйтэй шууд холбоотой. Евразийн зах зээл бидний бараа бүтээгдэхүүнийг авах сонирхолтой ч хил гаалийн татвар нь 50-60 хувьтай байгаа учраас бид бараа бүтээгдэхүүнээ хувь хүнээр дамжуулан гаргаж байна.
-Хэлэлцээр хийгдсэнээр Монгол Улсад хэр хожоотой байх бол?
-Манай импортын гаалийн татвар бүх бараандаа таван хувь байдгийг чөлөөлөх. Тэдгээр улсын хил гаалийн 50- 60 хувийн татварыг чөлөөлөх. Энэ тоон үзүүлэлтээс харахад хэнд ямар ашигтай нь ойлгомжтой бөгөөд манай таван хувийн татвар чөлөөлөгдөж орж ирэх барааны үнэд онцгой өөрчлөлт бага нь харагдаж байна.
-Бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэхэд дээрх таван орны шаардлага өндөр байна уу?
-Манай улс төрийнхөн Японы зах зээлтэй харьцуулж үнэлж дүгнэсэн байна лээ. Энэ хоёр зах зээл эрс ялгаатай тул харьцуулах боломжгүй. Цаг агаар нь чийглэг, халуун дулаан Японы зах зээлд бидний зузаан ноос, ноолууран бүтээгдэхүүн хэр нийцтэй байх нь ойлгомжтой. Мөн хөгжлийн хувьд өндөр учраас бидэнд тавьж буй шаардлага нь их байгаа. Одоо яригдаж байгаа зах зээл бол цаг агаарын хувьд тааламжтай, ойрхон, ард иргэдийн хэрэгцээ шаардлага нь бидэнд тохиромжтой.
-Зарим хүмүүс ноос, ноолуураас эхлээд үйлдвэрүүд бойжиж байж гадны зах зээл рүү гарах ёстой гэж үзэж байна. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Хөнгөн үйлдвэрийн салбар 90 жилийн ойгоо хийсэн. Хатгалд 1934 онд анхны Ноос угаах үйлдвэр байгуулагдсан түүхтэй. Үйлдвэрүүд дэлхийн зах зээл дээр бараа бүтээгдэхүүнээ тодорхой хэмжээгээр борлуулж байна. Тэгэхээр бид 90 жил бойжсон, одоо бойжих шаардлага байхгүй. Хүчин чадлаа бүрэн ашиглаж, шинэ, шинэлэг инновацийн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэн, хэрэгцээт зах зээлдээ гарах шаардлагатай байна.
-Манай ноос ноолуурын үйлдвэрлэлд ахиц дэвшилт гарч байна уу. Шинэ техник технологи нэвтэрч байна уу?
-Бид уламжлалт хивс, эсгий үйлдвэрлэлээс гадна ноосноос ноолуур ялгаж, түүгээрээ Австрали хонины ноостой өрсөлдөхүйц нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх болсон. Ноосоор бордоо үйлдвэрлэж, Германд гаргаж байна. Мөн барилгын болон хувцасны дулаалга үйлдвэрлэж байна. Социалист нийгмийн үед 25 сая малтай болгоё гэж зүтгээд чадаагүй. Тэр үед хонины ноос 10 гаруй мянган тонн, ямааны ноолуур 1200 тонн бэлдэж байсан. Одоо 70 сая малтай хонины ноос 36 мянган тонн, ямааны ноолуур 10 мянган тонн, дээрээс нь 1500 тонн тэмээний ноос, 400 тонн сарлагийн хөөвөр бэлдэх боломжтой болсон.
-Энэ гэрээг байгуу лахгүй бол бид ямар боломжуудыг алдах вэ?
-Монгол Улс дэлхийн ноолуурын 50 хувийг бэлтгэх арвин их нөөцтэй орон. Өнөөдөр бид уул уурхайгаа ухаж амьдарч байна. Энэ нөөц ухаад дуусна. Харин ноос, ноолуур маань ургаж ундардаг баялаг шүү дээ. Бид энэ баялгаа ашиглаж, үйлдвэрлэлээ хөгжүүлж, ард иргэд маань ажилтай орлоготой, малчдын маань бэлтгэдэг арьс шир, ноос ноолуур үнэтэй болж, улс оронд маань гаднаас валютын урсгалтай болж, сайн сайхан амьдрах ирээдүй бий. Энэ ирээдүйг олж авах эхний боломж нь Евразийн зах зээлд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүнээ борлуулж, үйлдвэрлэлээ хөгжүүлж, улмаар дэлхийн өндөр хөгжилтэй оронд экспортлох боломж бүрдэнэ. Энэ боломжийг ард түмэн алдмааргүй байна. Улс орныхоо бодлого, хөгжлийг барьж буй төр засаг Евразийн хэлэлцээрийг ондоо багтааж хийх нь ард түмний нийтлэг эрх ашигт нийцэх бөгөөд Арьс шир, Махны холбоо ч дэмжиж байгаа. Бид хэлэлцээр байгуулагдана гэдэгт итгэлтэй байна.
-Хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид дотоодын үйлдвэрлэлийн бараа, бүтээгдэхүүнүүдийг хэлэлцээрийн төслийн жагсаалтаас хасаж өгөөч гэсэн хүсэлт тавьж байсан?
-Хүнсний үйлдвэрүүд ямар байдалтай байгааг бид сайн мэдэхгүй. Тийм хэцүү, хүнд тохиолдол гарвал ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр хүнсний 19 төрлийн бүтээгдэхүүнээ татварын аргаар дотооддоо зохицуулна гэж яриад байна. Засгийн газар, төр энийгээ зохицуулж, ажлаа л хийх нь тэдний үүрэг шүү дээ.
-Та дээрх таван улсаас Монгол Улсад чанартай бараа бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ гэдэгт итгэлтэй байна уу?
-Сүүлийн 30-аад жилийн хугацаанд Монгол Улсын хүнс, хувцас хаанахын бараагаар дүүрчихээд байгаа билээ. Мөн энэ нөхдүүд түүхий эдийг бүгдийг нь угаагаад, аваад явчихаж байна. Бид бараа бүтээгдэхүүнээ тэдэнд өгөх боломжгүй, үндэсний үйлдвэрүүд маань энэ чанаргүй бараа бүтээгдэхүүнтэй өрсөлдөж ажиллах боломжгүй. Ийм нөхцөл байдалдаа бид байсаар байх уу. Евразийн зах зээлээс бараа орж ирснээрээ чанаргүй бараа бүтээгдэхүүнийг шахах боломж олдоно. Манай ард иргэд эрт дээр үеэс шинээр орж ирсэн бараа бүтээгдэхүүний чанарыг мэднэ. Иймд бид нэг л хаалгатай байх уу, олон үүд хаалга нээж амьдрах уу гэдэг сонголт энэ хэлэлцээртэй шууд холбоотой.
-Үйлдвэр хөгжиж байж л ард иргэд ажилтай, орлоготой байна л даа?
-Тийм. Өнөөдөр тэр том зах зээлд бараа бүтээгдэхүүнээ гаргаж, хөгжүүлэх боломж нээгдэнэ. Урд хөршийн бараа яагаад хямдхан байна вэ. Хүний хуучин ноос, ноолууран хувцсыг задлаад, дахиж утас хийгээд, бүтээгдэхүүн болгоод явуулчихаж байгаа юм. Манай ноос, ноолуур хүний эрүүл ахуйд ямар ач тустай вэ гэхээр бид өвлийн хүйтэнд хөлрөхөд хөлсийг шууд гадагшлуулдаг. Харин хуучин хувцсыг задалж, дээрээс нь нейлон нэмээд хийчихсэн гялгар цаас өмсөөд байвал эрүүл амьдрах уу. Дэлхийн хувцасны хоёр хувийг ноос, ноолууран хувцас эзэлдэг. Тэгэхээр дэлхийд ямар хэрэгцээ шаардлага байгаа нь эндээс харагдана. Монгол Улсын Ерөнхийлөгч ноос, ноолуур, арьс ширний үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр “Цагаан алт” хөтөлбөр санаачилсан. УИХ-ын 63 дугаар тогтоолоор хөрөнгө мөнгийг нь шийдвэрлэсэн. Евразийн хэлэлцээр, Ерөнхийлөгчийн “Цагаан алт” хөтөлбөр хоёр давхцаж хэрэгжих гэж байгааг бид том боломж гэж харж, төслөө ч нэлээн өөдрөгөөр харж хийсэн. Иймд энэ хэлэлцээр хийгдсэн тохиолдолд хөтөлбөр амжилттай хэрэгжих боломж бүрдэнэ.
-Энэ хэлэлцээрийн хүрээнд дан ганц Оросын зах зээлийг дэмжинэ гэж эсэргүүцэх хүмүүс бас бий. Та санал нийлэх үү?
-Нийлэхгүй ээ. Дан ганц Орос биш Беларусь, Казахстан, Киргизистан, Армен гэсэн таван орон энэ холбоог байгуулж, олон жил эвтэй найртай оршин тогтнож байна. Орос улс бидний мөнхийн хөрш. Иймд дахин хэлэхэд, олон жил хүнээс гуйж ирсэн гуйлтыг маань зөвшөөрсөн. Энэ боломжийг алдалгүй Евразийн та-ван оронтой хэлэлцээр байгуулахыг уриалж байна.
Д.Эрдэнэтуяа